News Paparazzi:АТГ-аас “Чингис хаан” банкны удирдлагыг шалгаж эхэлжээ

Moderator
2020/09/18


“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрээд байгаа билээ. Зарим эх сурвалжид дурдсанаар энэхүү банкийг “Могул ибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг юм байна.
Харин энэхүү банкны эрх бүхий зарим албан тушаалтнуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас ЭЦА-ныхан шалгаж, Монголбанкнаас хянагч томилогдоод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 2-3 жилийн өмнөөс л өөрийн хөрөнгө нь 37 тэрбум төгрөгөөр дутсан уг банкийг хэн нэгний хатгаасаар албан тушаалтнууд илт дэмжин, хахууль авч, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг ч байршуулаад зогсохгүй, заавал тус банкаар мөнгөө дамжуул гэсэн шаардлага тавьж байсан гэсэн мэдээлэл байна.
Тэгвэл “Чингис хаан” банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр шалгуулахаар прокурорын байгууллагаас саяхан харьяалал тогтоожээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтын дагуу тус банкны хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаа гэнэ. Харин Монголбанк тус банканд томилсон бүрэн эрхт төлөөлөгчөөр хэзээ шийдвэр гаргуулж, хувь заяаг нь шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ж.Батдорж


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна