News Paparazzi:Ливаны засгийн газар огцорлоо

Moderator
2020/08/11

Коронавирусний цар тахлын улмаас санхүү, эдийн засгийн хүндхэн хямралтай тулгараад буй энэ үед Бейрут хотын боомтод дэлбэрэлт болсон юм. Үүний дараа сөрөг хүчин дэлбэрэлттэй холбоотой мөрдөн байцаалтын явц удаашралттай байгаад оршин суугчид бухимдаж буйг ашиглаж, “уур хилэнгийн өдөр”-ийг зарласнаар Ливанд үүссэн хүндхэн нөхцөл байдал улам даамжирчээ. Нийслэл хотод эмх замбараагүй байдал хоёр дахь өдрөө дараалан намжаагүй бөгөөд идэвхтнүүд яамдын байр руу нэвтрэн орж, үймэн самуун дэгдээж, бичиг баримтуудыг нь хаяжээ. Эсэргүүцэгчид төрийн эрх мэдэлтнүүдийг огцрохыг шаардаж байгаа бөгөөд Диабын ард түмнийг тайвшруулах гэсэн оролдлого үр дүнд хүрээгүй байна. 

Технократ үзэлтнүүдээс бүрдсэн Засгийн газар нь огцорч буйг Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб даваа гарагт мэдэгдлээ.

“Авлигын тогтолцоо Ливаны төрөөс хүчтэй болжээ” хэмээн тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Ийм алхам хийснээр улс төрийн дотоод асуудлыг зохицуулах үүд хаалга нээгдэнэ гэдэгт найдаж байгаагаа тэрбээр мөн дурджээ.  

Технократ үзэлтнүүдээс бүрдсэн Засгийн газар Ливанд амжилт олсонгүй гэж “Al Akhbar” сонины тоймч Ибрагим аль-Амин үзэж байна. “Диабын Засгийн газар огцорч буй нь улс төрийн тавцанд хүч сэлбэгдэх нэг шалтгаан болж магадгүй юм. Дараагийн удаад ямар ч тохиолдолд эвслийн Засгийн газар байгуулагдана гэдэг нь тодорхой” хэмээн тэрбээр ярьжээ. 

Нэгдүгээр сарын 21-нд байгуулагдсан технократуудын Засгийн газарт 2 дугаар сарын 11-нд итгэл хүлээлгэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна