News Paparazzi:УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАНЫ ГЭМ БУРУУГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Moderator
2020/07/29

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 9 цагт эхэлнэ. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм.

Нийт зургаан хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх өнгөрсөн сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг өмнө нь зарласан ч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулахыг хүсжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09:00 цагт товлов. Мөн Шүүгдэгч Г.Солтанд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна