News paparazzi: Вакцин гарч, коронавирус бүрэн устах хүртэл ХИЛ НЭЭХГҮЙ

Moderator
2020/05/25

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн. Өргөтсөн хуралдаан хоёр хэсгээс бүрдэж буй бөгөөд эхний хэсгийг олон нийтэд нээлттэй хийж байна. Эхний хуралдааны үеэр коронавируст ххалдварын цар тахлын нөхцөл байдал, УОК-оос хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал болоод цар тахлын үед эдийн засгийг сэргээх хариу арга хэмжээний тухай танилцуулсан юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгч байна.

ТУСГААРЛАХ БАЙРАНД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОХ АСУУДЛЫГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Тэрбээр "Цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийг иргэдэд танилцуулах, сурталчилах  үүргийг УОК-т өгч байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгож байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах шаардлагатай байна. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд бэлэн байдлыг хангах нь чухал байна. Эмч, мэргэжилтнүүдэд мөнгөн хангамж өгөх асуудлыг судалж танилцуул. Эрсдлийн үнэлгээг улс даяар хийх хэрэгтэй байна. Найман удаагийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарсан. 

Дөрөвдүгээрт халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүсвэл хувийн хэвшил болон төрийн байгууллагууд хамтран ажиллах нь хэр чухал болохыг дадлага сургуулилалтаар ойлгосон тул цаашид аймаг, сумдад энэ сургалтыг зохион байгуулах нь зүйтэй. 

ГАДААДАД БАЙСАН 72 МЯНГАН ИРГЭНИЙ 62 МЯНГЫГ НЬ ЭХ ОРОНДОО АВЧИРСАН

Миний тооцож байгаагаар эх орондоо ирэх хүсэлтэй 72 мянган иргэнээс 62 мянган иргэнийг нь Засгийн газар УОК эх оронд нь татан авчирсан. Бид үе шаттай татан авна. Ард иргэд иргэний үүргээ ухамсарлаж, дүрэм журмыг биелүүлэх ёстой. Нутаг буцах хүсэлтэй иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлана гэж сүрдүүлж байгаа талаар мэдээлэл ирсэн. Гадаад улсаас иргэдээ татан авахдаа нөөц бололцоогоор зөв тооцох шаардлагатай байна. Бэлэн байдлын бүрэн хангах ёстой. 10 мянган хүнийг нэг дор татаж авах боломж байхгүй. Боломжийн хэрээр иргэдээ авчирч байна. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бодох ёстой. Тоо хязгааргүй иргэдээ авчирвал монгол улс сүйрнэ. Тиймээс дэг журмын дагуу, аюулгүй байдлаа хангасны дараа үе шаттай татаж байна. Бидний боломж энэ. 

Хил нээхгүй. Одоогоор хил нээхгүй. Хэзээ нээхийг ч хэлж мэдэхгүй байна. Хэзээ байдал тайван болно тэр үед л нээнэ. Вакцин гарсны дараа л өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцална. 

ЗАСГИЙН ГАЗАР, УОК-ЫН ГАРГАСАН ШИЙДВЭР ХҮН БҮРТ ТААЛАГДАХ АЛБАГҮЙ

Ард иргэд үүргээ ухамсарлаж, төрийн албан хаагчдын шаардлагыг хүлээн авах ёстой. Барааны үнийн хөөрөгдөл үүсгэж болохуйц мэдээлэл гарсан. Мөн дотоодод вирусийн халдвар тархсаныг Засгийн газар нуусан гэх агуулгатай гүтгэлэг тараасан. Үүнийг шалгаж хариуцлага тооцох ёстойг цагдаа, тагнуулын байгууллага анхааралдаа аваарай. УОК, Засгийн газрын гаргасан шийдвэр бүх хүнд таалагдах албагүй. Гаргасан шийдвэрийг ягштал биелүүлэх ёстой. 

Коронавирусийн вакцин гарах хүртэл бид сахилга хариуцлагатай аж төрөх ёстой" гэсэн юм.