News paparazzi: Монгол хүнд яагаад коронавирус "халдахгүй" байна вэ

Moderator
2020/05/14

Монгол хүн бусдаас илүү дархлаатай учир коронавирусийн халдвар авахгүй байгаа юу? COVID-19 энэ өвөл Монголоор дайрч өнгөрсөн, бидэнд аль хэдийнэ дархлаа тогтсон гэж үнэн үү? Цар тахлын дэгдэлт намжсан, одоо санаа зовох хэрэггүй юү? гэсэн асуултуудад ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица хариулт өгнө. УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтээр дээрх асуултуудад суурин төлөөлөөгч маргааш Төрийн ордонд 11.00 цагт мэдээлэл хийх юм.

Монгол  Улс коронавирусийн халдварын тархалтын өндөр эрсдэлтэй, энэ халдвараас хамгийн их хохирол амсах орноор аль эрт нэрлэгдсэн. Гэсэн ч Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, эрүүл мэнд, онцгой байдал, хууль, хяналтынхан өндөр зохион байгуулалттай ажилласнаар өнөөг хүртэл дотооддоо халдвар алдаагүй сайн мэдээтэй байна.

Үүнийг монгол хүн мах иддэг, хүйтэн сэрүүн уур амьсгалтай орны иргэд учир бусдаас онцгой дархлаатай гэж эндүүрч болохгүй. Монгол Улсад коронавирусийн халдварын 42 тохиолдол бүртгэгдсэнээс 38 нь монгол иргэд, гадаадад мөн 30 монгол иргэн коронавирусийн халдвар авч, 10 гаруй нь эдгэрсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн.

Гэвч халдвар авсан Франц улсын иргэний ойрын хавьтал 100 гаруй монгол хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Бельги улсаас ирсэн монгол иргэн сар гаруйн дараа шинжилгээ хийлгэхэд коронавирусийн эсрэг бие үүссэн буюу аль хэдийнэ халдвар аваад эдгэрснийг тогтоолоо. Энэ хүнтэй хамт амьдарч байсан болон ойрын хавьтал болсон 30-аад хүнийг тусгаарлан шинжилгээ хийхэд мөн л коронавирус илрээгүй. Коронавирусийн халдвар Монголд тархсан бол сулхан эдийн засагтай Монгол Улс, дэд бүтэц муутай эрүүл мэндийн салбарыг ч “сэхээнд” оруулах хөнөөлтэй.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Монгол Улс одоо диваажинтай адилхан байна” гэж хэлсэн. Монголчууд бидэнд таатай сонсогдох энэ өгүүлбэр, дээрх гурван чухал асуултын хариуг ноён Сергей Диордица маргааш өгнө.