News paparazzi: Х.Хатанбаатар : Хүнд сорилттой тулж байна даа

Moderator
2020/04/18

ХҮНД СОРИЛТТОЙ ТУЛЖ БАЙНА ДАА Хэдхэн хоногийн өмнө сургалтын төв цөөхөн хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон талаарх мэдээг уншаад суралцагчид бүгд масктай байх, ороход нь халууныг нь үзэх, хичээл дууссаны дараа ариутгал хийх зэрэг бүхий л бэлтгэлээ хангаад байж байлаа. Харамсалтай нь уржигдар гарсан Захирамжийг хартал "Сургалтын төв" гэдэг үг хасагдаад гарсан байна. Шалтгаан нь ХНХЯамны С.Чинзориг сайдын тушаалаар сургалтын төвийн үйл ажиллагааг нээхгүй байх шийдвэр гарчээ. Амралтын газар, жуулчны бааз, буудал, саун, фитнес, иогийн клубын үйл ажиллагааг нээсэн хэдий ч сургалтын төв багтсангүй. Логикгүй л шийдвэр болчих шиг боллоо. Гэхдээ нэгэнт ийм шийдвэр гарсан бол дагана аа. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон манай байгууллага дахиад хоёр сар энэ байдлаараа үргэлжилвэл дампуурах эрсдэлтэй тул өчигдөр хүнд шийдвэр гаргалаа. Хэдэн сар тэссэний эцэст Монголын Оюун Ухааны Академийн бүх салбарын түрээсийн гэрээ дуусгавар болж, эд хогшлоо агуулахад хурааж, 122 хүний дийлэнх нь цалин орлогогүй болж, гэрээг нь цуцлахаар болж байна даа. Том зургаар харвал эдгээр бэлтгэгдсэн багш, ажилтны цаана олон мянган хүүхэд, залуус оюуны хөрөнгө оруулалт авах боломжгүй болж байгаа нь л харамсалтай. Үлдсэн цөөн багш, ажилтнууд дээрээ тулгуурлан #онлайн сургалт хийх гэж хичээж л байна. Богино хугацаанд үр өгөөжөө өгөхөөргүй өөр хэд хэдэн боловсролын төсөлд хөрөнгө оруулалт хийж, "Удахгүй бүх зүйл хэвийн болно" хэмээн анхнаасаа уужуу бодож, бэлтгэл ажлаа хангаагүй байсан нь байгууллагын удирдлага миний хувьд маш том алдаа боллоо. За, тэгээд энэ аюулт цар тахал намжихаар дахиад эхнээс нь эхэлнэ дээ. "Эрүүл байхад бүх зүйл болно доо" гэсэн өөдрөг бодолтойгоор энэ бичвэрээ дуусгая.    Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар 2020.04.18