Ж.Бямбадоржийг чөлөөлж байгаа бол П.Оюунчимэгийг ч бас чөлөөл
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд хоёр хонож байна. УИХ-ын дарга Г.Занданшатар түүний өргөдлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд асуудлыг санал хураалтаар шийдэх болж, хуралдаанд оролцсон УИХ-ын 11 гишүүний найм нь буюу 72.7 хувь нь дэмжсэн тул энэ саналыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх болсон байгаа.
ХЭҮК гэж ямар зорилготой байгууллага вэ
ХЭҮК-ын эрхэм зорилго: Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахих, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлж ажиллана.
ХЭҮК-ын үйл ажиллагааны зорилго: Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих. Хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үр дүнтэй үйл ажиллагаа явуулах.
Энэ бол Монголын Хүний эрхийн үндэсний комиссын эрхэм ба үйл ажиллагааны гол зорилго юм.
Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг баталсан. Уг хуулиар
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагааг бие даасан, хараат бус явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлтээс ангид байх үндэсний тогтолцоог бүрдүүлж, эрх зүйн орчныг тодорхойлсон бөгөөд түүнчлэн комиссын гишүүдийн тоог тав болгох, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д “Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална” хэмээн заасан байгаа. Журам батлагдсантай холбоотойгоор ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг зарлах, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг өчигдрөөс эхлээд ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосноо ХЗБХ мэдэгдсэн.
ХЭҮК-ын дарга яагаад ажлаа өгөх болов?
ХЭҮК-ын даргаар 2010 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Бямбадоржийг анх томилсон байдаг. Харин 2016 онд улираан томилоод өнөөдрийг хүртэл ажиллаж байсан юм. Ийнхүү бүтэн 10 жил ХЭҮК-ыг тэргүүлсэн хүн яагаад гэнэт өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөх болов. Өргөдлөө өгөх болсноо өөрөө тайлбарлахдаа “Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгож байна. Хуулиа дээдлэхгүй бол болохгүй шүү дээ. Мөн эрүүл мэндийн шалтгаантай” гэсэн. Үнэндээ шинэ гишүүнийг томилоход боломж олгоё гэж үнэхээр бодсон бол 2016 онд улираан томилох үеэр татгалзаад тэр боломжоо бусдад нээлттэй орхиж болох л байсан. Яагаад гэвэл тэр үед Ж.Бямбадорж дарга хэдийнэ 62 нас хүрчихсэн байсан шүү дээ. Тэгэхээр дараачийнхаа хүнд боломж олгоход буруутахгүй л цаг хугацаа байсан. Нөгөө нэг шалтгаан нь эрүүл мэндийн асуудал гэсэн. Өдгөө 66 хүрчихсэн хэрнээ ажлаа хийгээд хэвийн явж байсан хүнийг гэнэт эрүүл мэндийн асуудал яриад өргөдөл бариад ирэхээр гайхах хүн олон. Ядахад энэ үйл явц нь түүний утасны бичлэг задарч, “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах ёстой” гэж бусдад хэлсэн үг нь ил болсон үетэй давхцахаар хэн итгэх билээ. Хэлсэн үгээ тайлбарлаж байгаа нь үнэн өрөвдөлтэй. Тэр ядмаг тайлбар л өргөдлөө өгөх шалтгаан болсон гэдэгт харин олон хүн итгэлтэй байгаа. Түүний оронд “Ард түмэн минь, намайг уучлаарай. Хариуцлагаа хүлээгээд ажлаа өгье" гэчихэд л болох байлаа. Эрүүл мэнд энэ тэр гэж элийрч байхаар шуудхан уучлалт гуйгаад ажлаа өгчихсөн бол жинхэнэ төрийн эр хүний ноён нуруу харагдах байсан.
Дарга цэрэг хоёр хөтлөлцөөд явах цаг нь болж
ХЭҮК-ыг тойрсон хэл ам үүгээр дуусахгүй. “Ам нээвэл уушги нээ” гэдэг. ХЭҮК-ын гишүүнээр П.Оюунчимэг гэх тэрбумтан эмэгтэй ажилласаар 13 дахь жилтэйгээ золгоод байна. Түүний бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр дууссан байтал түүнийг хууль бусаар өдийг хүртэл ажиллуулаад байгаа нь тун хачин. Тэрбээр 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосны дагуу ХЭҮК-ийн гишүүнээр тус тус томилогдон ажиллажээ. Уг нь хуулиараа цаашид түүнийг улируулан ажиллуулах ямар ч боломжгүй.
Нийтдээ нэг тэрбум 246 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, дөрвөн үйлчилгээний оффистой. 159 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд круйзер-200, Волксваген Тигуан автомашинтай. 130 саяар үнэлэгдэх газар, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, “Жи би эс импекс” ХХК болон “ББХ” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, “Оллоо” ХХК болон “Ремикон” ХХК-ийг хувьцааг эзэмшигч супер баячуудын тоонд орох энэ эмэгтэй яагаад ХЭҮК-ын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах гэж, төрийн өндөр албан тушаал хашихаар үхэн хатан зууралдаад байдаг нь сонирхол татна.
П.Оюунчимэг гишүүний ХОМ 2011 онд ямар байсан бэ
"Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдсэн Төрийн өндөр албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл тус онд П.Оюунчимэг гишүүний жилийн орлого 16 сая, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 232 сая төгрөг байжээ. Тэднийх нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр оффис, нэг орон сууцтай. 49 сая төгрөгөөр үнэлэгдэх "Форд экспедишн" автомашинтай байжээ. Хадгаламжиндаа ердөө 500 мянган төгрөгтэй, 28.5 сая төгрөгийн дүрмийн сантай “Жи би эс импекс” ХХК-тай. Хаан банкнаас авсан 450 сая төгрөгийн зээлтэй байсан нь баримт болон үлджээ.
Тэгвэл 2014 онд АТГ-т гаргасан ХОМ-тээ “Өөрийнхөө жилийн орлогыг 25.9 сая, гэр бүлийн гишүүдийн жилийн орлогыг 3.9 тэрбум хэмээн мэдүүлсэн байдаг. П.Оюунчимэг гишүүний үл хөдлөх хөрөнгө нь гурван жилийн дотор ес дахин өсч, 9 тэрбум 342 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, дөрвөн оффис, нэг өвөлжөөтэй болсон байв. Түүнчлэн 159 сая төгрөгийн үнэтэй Тоёота Ланд круйзер-200, Волксваген Тигуан автомашин, 130 саяар үнэлэгдэх газар, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсон байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьцаа эзэмшдэг “Ремикон” ХХК-ийн хувьцаанаас 33367 ширхэгийг худалдан авч, “Оллоо” ХК-ийн 9932 ширхэг хувьцааг авсан байв.
Түүнчлэн П.Оюунчимэг гишүүний үл хөдлөх хөрөнгөний нэг болох Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хабу” зочид буудал нь дороо хүнсний дэлгүүр, ресторан, шөнийн цэнгээний газар, саунтай бөгөөд тайчигч охид ажиллуулдаг гэдэг асуудал гарч шуугиан дэгдээж байсан нь саяхан. Энэ мэтчилэн олон хэл ам түүнийг байнга дагалддаг ч ХЭҮК-ын гишүүний байр суурь нь ганхаж байсан удаагүй. Ёстой дархан бэр шиг даналзсаар өдийг хүрсэн. Гэвч дараачийн ХЭҮК-ын шинэ гишүүдийг сонгох шийдвэр нэгэнт гарсан болохоор дарга цэрэг хоёр хөтлөлцөөд явах цаг нь болж.
Эцэст нь хэлэхэд, тэднийг хүний эрхийг хамгаал гэж Төр томилсон болохоос хүний эрхийг хэрхэн уландаа гишгэдгийн сонгодог жишээг бидэнд харуулаач гэж албан тушаалд дэвшүүлээгүй гэдгийг дахин сануулмаар байна.
Н.Саранчимэг
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна