Токиогийн олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэнэ

Moderator
2020/03/31

Олон улсын олимпын хороо хуралдаж, Токиогийн олимп болон Паралимпын тоглолтын хуваарийг гаргалаа. Токиогийн зуны олимпын тоглолтыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Харин паралимпын тоглолт 2020 оны наймдугаар сарын 25-нд эхлэх байсан бол 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулахаар товложээ.

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах "Токиогийн олимпыг зохион байгуулах хороо, Токио хотын захиргаа, Япон улсын Засгийн газар болон оролцогч бүх талуудыг хамтран, урьд өмнө байгаагүй энэ сорилтыг давж гарна гэдэгт би итгэлтэй байна. Хүн төрөлхтөнд харанхуй хонгилд орсон мэт хүнд нөхцөл тулгарлаа. Токио-2020 олимпын наадам энэ хонгилын үзүүрт гэрэл болж чадна гэдэгт итгэж байна” гэлээ.