Тайландын нэгэн үйлдвэр хэрэглэсэн маскыг шинэ юм шиг харагдуулахын тулд индүүдээд, дараа нь хайрцагт савлаад зардаг байжээ!

Moderator
2020/03/07

Саяхны нэгэн мэдээгээр маск зүүлээ гээд Covid-19 вирусээс өөрийгөө хамгаалж чадахгүй талаарх мэдээлэл гарсан. Харин түүний оронд амьсгалж буй агаараа цэвэршүүлэх хэрэгтэй гэсэн билээ. Өөрөөр хэлбэл маск зүүх үедээ хүн гараараа нүүрэндээ олон удаа хүрдэг бөгөөд энэ нь вирусын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Тэгээд ч хаана, хэзээ, ямар материалаар хийсэн маск зүүж байгаа нь эргэлзээтэй энэ үед маск зүүлээ гээд вирусын халдвараас өөрийгөө бүрэн хамгаалж чадаж байгаа гэдэгт итгэхэд бэрх. Чанаргүй, хэврэг маск зүүснээр хамар болон амаар дамжин вирус хялбар замаар танд халдварлана. Бас зүүж байгаа маск маань өөрөө хятадаас орж ирж байгааг ч хэлэхэд буруудахгүй.

“Strait Times” эх сурвалжид мэдээлснээр Тайландын Сарабури муж дахь хогны үйлдвэр хэрэглэсэн маскыг шинэ юм шиг болгож харагдуулаад зардаг байжээ. Цагдаагийн газрынхан гуравдугаар сарын 2-нд үйлдвэрт нэгжлэг хийх үед хаягдал болсон, хэрэглэсэн маскыг хайрцагт савлахын өмнө сайтар индүүдэж, хууль бусаар зардаг болохыг нь олж илрүүлжээ. Цагдаа нар маскыг энэ мэтчилэн хууль бусаар бэлдэж, зарж борлуулдаг 6 ажилтныг баривчилсан бөгөөд тэднийг чухам хэнд, хаана зардаг болохыг одоогоор тогтоогоогүй байна.
“Баривчлагдсан ажилтнууд нэг ширхэг маскнаас 1 бахтын ашигтай ажилладаг байсан бөгөөд өдөрт нэг ажилтан 300-400 маскыг дээр дурдсан аргаар бэлдэж хайрцагт савладаг байж.” хэмээн цагдаагийн ажилтан хэлжээ.

Мөн цагдаагийн ажилтан цааш үргэлжлүүлэн, “Би Вихандаен Олон Нийтийн Эрүүл Мэндийн Төвд цагдаагийн газрын нэрийн өмнөөс энэ үйлдвэрт гомдол гаргасан. Олон хүн энэ маскыг эрүүл мэндээ хамгаалахын тулд худалдаж авсан байж таарна. Тэдгээр хүмүүст хэрэглэсэн маск зарсан хариуцлагаа тус үйлдвэр хүлээх хэрэгтэй.” гэжээ.

Цагдаагийн газрынхан бүх маскнуудыг хураан авч, заримыг нь холбогдох газар руу шинжилгээнд хамруулахаар явуулжээ. Үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжлэх тухай асуудал яригдаж байгаа юм байна. Одоогоор Тайланд улсад коронавирусын халдвар авсан хүний тоо 43-т хүрээд байгаа ажээ. Эдгээр хүмүүс Хятадаас Тайландад ирсэн жуулчдаас вирусын халдвар авсан байна.

Та чанарын баталгаа хангасан, гарал үүсэл нь тодорхой маск зүүгээрэй. Чанаргүй маск зүүж, эрүүл мэндээ хохироох үйлдэл бүү хийгээрэй!