​Хонконгийн цагдаа нар коронавирусийн хорио цэрийн дэглэм зөрчсөн иргэдийг эрэн сурвалжилж байна

Moderator
2020/02/11

Хонконгийн цагдаа нар шинэ коронавирусийн тархалтын эсрэг 14 хоногийн хөл хорионоос оргосон иргэдийг эрэн сурвалжилж байна. Тусгай удирдлагын бүсийн Засгийн газрын зүгээс өнгөрөгч бямба гаригт “2019-nCoV” вирусийн дэгдэлтийг Хонконгт тархаахгүй байх үүднээс халдвар авсан байх магадлалтай иргэдийг 14 хоног турш албадан хөл хорих шийдвэрийг танилцуулсан.

Тэгвэл Хонконгийн Эрүүл мэндийн сайд София Чан Сю-че даваа гаригт “Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэдийг албадан хөл хорих арга хэмжээ авч эхэлснээс хойш нийт 9 хүн зориулалтын тусгаарлах байрыг орхин оргосон нь тогтоогдсон. Одоогоор хөл хорионы дэглэмийг зөрчсөн хоёр иргэнийг цагдаа нар эрэн хайсаар байна. Албадан хөл хорих арга хэмжээг зөрчсөн иргэд нь бүгд Хонконгийн иргэд байсан. Хорио цээрийн дэглэм зөрчиж буй иргэдийн энэхүү үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг болохыг сануулж байна” гэж мэдэгдсэн юм.

Тэрээр нэмж хэлэхдээ “Бямба гаригт халдвар авсан байж болзошгүй иргэдэд 14 хоногийн хөл хорио тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 1193 хүнийг зориулалтын тусгаарлах байранд хяналтад оруулаад байна. Үүнд Хонконгийн 1066 иргэн, гадаадын 127 иргэн багтаж буй” гэжээ.

Хонконг нь нийгэм, эдийн засгийн хувьд Эх газрын Хятадын Ухань хотоос эхтэй шинэ коронавирусээс үүдэлтэй хямралд хамгийн ихээр өртөж байгаа. Тиймээс тус тусгай удирдлагын бүсийн эрх баригчид энэхүү тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамгийн хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Засгийн газрын зүгээс Эх газрын Хятадын аль ч нутаг дэвсгэрээс Хонконг хотод орж ирсэн бүх иргэнийг 14 хоногийн турш албадан хөл хорих арга авч байна. Мөн хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг хамгийн багадаа 3000 ам.доллараар торгож, зургаа хүртэлх сараар хорих шийтгэл оногдуулахаар болсон.

Эрх баригчдын зүгээс дэлхийн бусад улсууд шинэ коронавирусийн тархалтын эсрэг хэрэгжүүлж буй туршлагыг харгалзан үзсэний үүднээс бөөнөөр хорих нь өвчин хурдацтай тархах том эрсдэл болж байгааг онцолсон. Тиймээс Хонконгийн иргэдийг гэрт нь, гаднын улсын иргэдийг зочид буудал болон Засгийн газрын тусгаарлах байруудад хөл хорих арга хэмжээ авч байгаа аж. Харин биеийн байдал нь хүнд байгаа иргэдийг тусгай эмнэлэгт шилжүүлэн эмчилж буй. Цагдаа нар гэр болон зочид буудалд тусгаарлагдсан иргэдийг хянахдаа тэдэнтэй “video call” хийх, ухаалаг гар утасны “GPS”-ын байршлыг тогтмол илгээх зэргээр технологийн шийдлүүдийг түлхүү ашиглаж байна. Цагдаа нар аль болох иргэдийн гэр, зочид буудлын өрөөнд нэвтрэх зэргээр хөл хорионд орсон иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эрхийг нь зөрчихгүй байх тал дээр анхаарч байгаа ч хариу мэдээлээгүй тохиолдолд иргэдийн гэрт зайлшгүй орж шалгалт хийж байгаа аж. Хонконгийн цагдаагийн алба хаагчид бямба гаригаас хойш нийт 130 гаруй айлд нэвтэрч шалгалт хийсэн байна. Мөн хөл хорионд орсон иргэдийг хоол хүнс, цэвэр усаар хангах ажлыг цагдаагийн алба хаагчид болон сайн дурын ажилчид гүйцэтгэж байгаа аж.

Гэсэн ч хорио цээрийн дэглэм зөрчиж, оргон зайлах тохиолдол хэд хэдэн удаа гарч байгаагаас шалтгаалан иргэдийн гарт ухаалаг бугуйвч зүүх талаар Засгийн газрын хуралдаанд яригджээ. Үүнээс гадна хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийн хөлд байршил илрүүлэгч төхөөрөмж зүүж, тусгаарлах хуаранд шилжүүлэх арга хэмжээ авагдах талаар Хонконгийн Эрүүл мэндийн сайд София Чан Сю-че мэдээлсэн юм.

Хонконгт одоогийн байдлаар “2019-nCoV” вирусийн халдвар авсан нь батлагдсан 39 тохиолдол бүртгэгдээд буй. Эдгээр өвчтөнүүдийн дийлэнх нь Цагаан сарын баярын амралтаар Эх газрын Хятадад зорчсон иргэд байгаа аж.

Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагын зүгээс мягмар гаригт өгсөн мэдээллээр Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан иргэдийн тоо 43000-д хүрч, нас барсан иргэдийн тоо 1000 давжээ. Гэсэн ч эдгэсэн хүмүүсийн тоо 3350-д хүрсэн гэсэн сайн мэдээ байна.