​С.Чинзориг: МСҮТ-ийн 45-аас доош насны суралцагсдад 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

Moderator
2020/02/05

-Зургаан сараас тэтгэврийн зээл олгоно гэж байсан. Зээлийн журмыг баталсан уу. Хэдэн хувийн хүүтэй олгох вэ?

-Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль гарсантай холбоотойгоор тэтгэврийн зээлд өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэлх сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ гаргах юм. Ирэх долоо хоногоос Монголбанк, арилжааны банкуудтайгаа хамтраад Цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаатай зээлийн нөхцөлийн үнэлгээг тогтохоор ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" компанийн 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол орж байна. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэж байгаатай холбоотойгоор дараах хоёр журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулж, хэлэлцүүлж байна. Нэгд, тэтгэвэр барьцаалсан зээлийг олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан журам, хоёрт, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох  журам. Эдгээр журмыг баталбал "Эрдэнэс Монгол" компани бонд гаргах асуудал жигдэрнэ. 

-Зургаан сарын хугацаатай зээлийг хэдэн хувийн хүүтэй олгох вэ?

-Урьдчилсан байдлаар зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүү зургаан хувиас дээш тогтоохгүй гэсэн тооцоо байна. Гэхдээ Монголбанк болон арилжааны банкууд харилцан тохиролцож чадаагүй байгаа. Удахгүй хүүтэй холбоотой асуудлууд тогтох байх. Өмнө нь нийт тэтгэврийн 70 хувийг тэтгэврийн зээлд суутган тооцож, 30 хувийг тэтгэвэр хэлбэрээр тэтгэвэр авагчдын гар дээр олгодог байсан. Тиймээс хуучин байсан нөхцөлөөс нь дордуулахгүй байх. 

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг шинэчлэн тогтоосон хэмжээгээр нь тэтгэвэр авагчдад олгох арга хэмжээ зохион байгуулаад дуусаж байна. Ингэхдээ хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөр тооцохгүй 100 хувь Засгийн газраас шинэчлэн тогтоосноор олгосон. Нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн үлдэгдэл суутган тооцсон зээлийн төлбөрийг нь эргүүлэн олгосон. Нэгдүгээр сарын тэтгэвэр суутган тооцсон зээлийн төлбөр нийт 46 тэрбум байгаа бол хоёрдугаар сарын тэтгэврээс 57.9 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг суутган тооцоогүй гэх дүн байна. 

-Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жилийн улсын төсөвт МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудын тэтгэмжийн хэмжээг 200 мянган төгрөгөөр тооцож олгохоор 79 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Ингээд тэтгэмжийн хэмжээг 200 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-д суралцаж байгаа залуусын тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох, журамд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ. Ингэснээр нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөг болголоо. Мөн МСҮТ-д суралцаж байгаа иргэдэд нас харгалзахгүйгээр тэтгэлэг олгох журмыг оруулсан ч эргэж харах нь зүйтэй гэж үзээд 45 нас хүртэлх суралцагсдад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор боллоо. Харин 60-аас дээш насны иргэдэд тэтгэлэг олгох нь зохимжгүй гэж үзсэн.