Төв талбайг тойрсон чулууны 1 ширхэг нь 3 000 000 төгрөгийн төсвөөр бүтжээ

Moderator
2019/12/17

Төв талбайг тойруулан өрөөд тавьчихсан  дөрвөлжин чулуу ямар учиртайг гайхсан иргэд, олон нийт хотын удирдлагуудаас тайлбар мэдээлэл хүссэн юм. Ямартай ч "Төрийн тусгай хамгаалалт"-ын газраас байрлуулсан гэх эдгээр чулуутай холбоотойгоор  хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзаж, олон нийтэд тайлбар мэдээлэл өглөө. 

Төрийн тусгай хамгаалалтын албаны орлогч дарга Алтаншагай  хэлэхдээ "энэ ажлыг иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 2017 онд төлөвлөж, 2018 онд баталсныг нь 2019 онд хэрэгжүүлж байна. Дэлхийн бусад улс орнуудад ч ийм жишиг байдаг" гэсэн бол хотын дарга С.Амарсайхан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хийж хэрэгжүүлж байгаа нь зүйтэй ч хотын өнгө үзэмжид, нийцүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Дээрх чулуунуудыг ямар төсөвтэйгөөр төв талбайд байрлуулсныг тодруулахад 100-аад сая төгрөгийн төсөвтэй гэх мэдээллийг хотын дарга өгжээ. 

Талбайг тойруулан нийт 34 ширхэг дөрвөлжин чулуу байрлуулсан бөгөөд 100 сая төгрөгөөр тооцвол нэг чулууны үнэ 3 сая орчим төгрөг болж байгаа юм. Ийнхүү тус бүр нь 3 сая төгрөгийн өртөгтэй тус чулуунуудын хэлбэр, хийцийг хотын өнгө үзэмжид нийцүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэвэл дахин ийм хэмжээний төсөв гарах аж.