ДМНН-ийн тэргүүн Д.Даш өөрийгөө М.Энхболд руу хутга барьж дайраагүй, мэсгүй явсан гэжээ

Moderator
2019/12/04

М.ЭНХБОЛД РУУ ХУТГА БАРЬЖ ДАЙРСАН ГЭХ ХҮН НЬ ДМНН-ИЙН ТЭРГҮҮН Д.ДАШ АЖ-

МАНАН бүлэглэлийг нураах ард түмний тайван жагсаал /2019.01.10/ Төв талбайд болж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдтэй хамт Төрийн ордонд нэвтрэн, УИХ-ын дарга асан М.Энхболдтой уулзсан. Уг уулзалт хэвлэлд хаалттай болж байв.

Уулзалтын талаар саяхан М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан  хуульч Л.Гүнбилэг “…Таван гишүүнтэй хамт Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй хэсэг хүмүүс орсон.  Гэтэл тэр хүмүүс нь УИХ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд шууд хутга гаргаад, түүн рүү дайрсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй үйлдэл. Дарга руу хүн ухасхийхэд комиссарууд нь шууд бүчиж аваад, дараад уначихдаг юм билээ. Тэгээд дарагдаад өнгөрсөн. Тэр хүнийг аваад үлдчихвэл гадаах жагсаал шууд долоодугаар сарын 01-ний өдрийнх шиг үймээн гарахаар байсан тул гаргасан” гэж ярьсан юм.

Эх сурвалжуудын мэдээллийг нягталж үзэхэд, УИХ-ын дарга М.Энхболд руу хутга барьж дайрсан гэх хүн нь Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Даш аж. Иргэн Д.Даш энэ асуудлаар бидэнтэй шууд холбогдохыг хүссэнгүй. Тэрбээр эх сурвалжаар дамжуулан, “Би тухайн үед Т.Аюурсайхан гишүүний хажууд суусан. Уулзалтын үеэр бидний тавьсан шаардлагаас тэс өөр зүйлийг М.Энхболд яриад байсан тул Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Ер нь үүнийг өргөөд гаргая” гээд босоход нь хамт дагаад бостол хамгаалагчид нь гүйгээд ирсэн.

Тухайн үед надад ямар ч мэс байгаагүй. Мэс гаргавал шууд буудаад унагах эрх комиссаруудад нь байгаа. Үнэхээр мэс гаргасан бол 20 жилийн ял үүрэх хуулийн зохицуулалттай. Би М.Энхболд руу хутга барьж дайраагүй. Хуульч Л.Гүнбилэгийг худал ярьсанд гайхаж байна” гэсэн хариулт өглөө.