Хонконгийн цагдаа босогчид руу гал нээж, гурван иргэнийг шархдуулжээ

Moderator
2019/11/11

Хонконгийн босогчид өнөө өглөө эмх замбараагүй байдал үүсгэж цагдаа нарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр өглөөний 07:59 цагт Саи Ван Хо дүүрэгт болсон бослого арга хэмжээний үеэр цагдаагийн албан хаагч тэмцэгчид рүү гал нээж гурван иргэнийг буудсан хэрэг гарчээ.

Тэмцэгчид даваа гаригийн ажил эхлэхээс өмнө буюу 7:40 цагаас метроны хэвийн үйл ажиллагааг саатуулах зорилгоор авто замуудыг хааж эхэлсэн байна. Тухайн үед цагдаагийн хоёр алба хаагч Вонта Си талбайд цуглан зам хааж эхэлсэн эсэргүүцэгчидтэй тохиролцож, бослого гаргаж буй шалтгааныг нь хүндэлж байгаа ч бусдад түвэг учруулахгүйн үүднээс уг арга хэмжээгээ зогсоохыг ятгасан байна. Энэ үеэр хоёр эсэргүүцэгч талбайг чөлөөлж явахыг хүсээгүйн улмаас тэдэнд нэгжлэг явуулсан байна. Харин энэ үеэр цагдаагийн алба хаагчид болон эсэргүүцэгч нарын хооронд маргаан үүсч, хүч хэрэглэжээ. Тухайн үед ойр орчимд байсан иргэд бичлэг хийж эхэлсэн бөгөөд эсэргүүцэгчдийн дайралтад өртсөн цагдаагийн албан хаагч гурван удаа гал нээж гурван иргэнийг шархдуулж буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа юм.

Үүний дараа эсэргүүцэгчид буудалцаан болсон газар олноороо цуглаж цагдаа нарыг “алуурчид” гэж хашхиран эмх замбараагүй байдал үүсгээд байна. Цагдаагийн нэмэлт хүч эмх замбараагүй байдлыг дарахаар жагсагчид руу нулимс асгаруулагч хий, даралттай усаар галлаж байна.

Одоогоор хэрэг явдлын талаар албан ёсны мэдэгдлийг Хонконгийн онцгой удирдлагын бүсийн засаг захиргаа болон цагдаагийн албаны зүгээс хийгээгүй байгаа юм. Харин эмх замбараагүй байдалтай холбоотойгоор метроны хэвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүн гудамж талбайд хяналт тогтоохоор оролдож байна.