Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяантай МАХН-аас хэрэгжүүлэх гэж буй “Ард түмнийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр”-ийнх нь талаар ярилцлаа.
-Танай нам байранд оруулна, хүүгүй ипотекийн зээл олгоно гээд иргэдийг бүртгээд байгаа нь нийгэмд шүүмжлэл дагуулж байна. Та бүхэн ямар үндэслэлтэй ийм хөтөлбөр боловсруулаад гаргаад ирэв?
-Зарим нь шүүмжилж байна. Зарим нь бүртгүүлэхийг хүсч байна. Иргэд хоёр янзын байр суурьтай байна гэж ойлгож байна. Угаасаа улс төрийн шийдлүүдийг хүмүүс хоёр янзаар хүлээж авдаг. Тэр нь улс төрийн суурь үзэл бодлоос нь хамаардаг. Либерал буюу баруун чигийн хандлагатай улс төрийн намыг дэмждэг хүмүүс ийм хөтөлбөр дэмий, хүн бүр өөр өөрсдийнхөө амьдралыг босгох ёстой. Төр дэмжих ч ёсгүй, гай болох ч ёсгүй гэж үздэг. Зүүний чиглэлийн намууд бол төр гэж байгаа бол зарим нэг хүмүүсийнх нь амьдралыг шийд гэж үздэг. Бид зах зээлийн судалгаа, ядуурлын түвшин гээд бүхий л зүйлийг судалж байгаад энэ асуудлыг гаргаж ирсэн. Зүгээр байж байгаад сонгогчдын саналыг авчих юмсан гээд гаргаж ирсэн асуудал биш л дээ. Орон сууцанд орохыг хүссэн иргэд олон зуун мянгаараа байна. Бидний тооцоогоор 450 мянган өрх орон сууцанд орох тооцоо байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Ц.Баянсэлэнгэ сайд байхдаа хэрэгжүүлж эхэлсэн. Түүнийх нь энэ жилийн хөтөлбөрт 70 мянган хүн бүртгүүлэхээр өргөдлөө өгөөд түүнээс 35 мянгыг нь л бүртгэсэн. Тэндээс сугалаагаар 900-г нь өгч байгаа юм. Яагаад тэр 70 мянган хүнд өгч болохгүй байна вэ гэхээр тэд урьдчилгаа байхгүй. Айлын байр түрээслээд амьдаръя гэхээр цалин нь хүрэхгүй. Үүнийг хэн шийдэх ёстой юм бэ. Баян болсон хойноо орон сууцтай болох ёстой юм уу. Баян болохын эцэсгүйгээр цалингаа түрээсэнд өгчихөөр хэзээ баяжих юм бэ. Энэ байдлаараа л байгаад байх уу. Өөрөөр шийдэх үү гээд хайгаад үзэхэд барууны гэх удирдлагатай АНУ, Япон, зүүний удирдлагатай европын улсуудад төрийн орон сууцны бодлого хэрэгжүүлдэг юм байна. Төр өөрөө барилгын компаниудаас, барилгын төслүүдээс худалдаж аваад ард иргэддээ хүүгүй өгөх ёстой төслийг л хэлээд байгаа юм. Улаанбаатар хотод 55 мянган орон сууц баригдчихсан, зарим нь зарагдахгүй байна. Үүнээс ядаж 20 мянгыг нь оруулчихъя л даа.
-Хамгийн гол нь үүнийг эдийн засгийн хувьд боломжгүй гэсэн тайлбарыг эдийн засагчид хэлээд байна шүү дээ?
-Сангийн яам, Монгол банк, засгийн газраас боломжгүй гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Болохгүй л гээд байгаа. Хүмүүс мэдээж боломжгүй байх гэж төсөөлж байна. Өмнө нь байхгүй гээд иргэдээсээ дандаа харамлаж байсан учраас. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах болсон чинь төр мөнгөтэй болоод Монгол банкинд бүх мөнгөө гаргаад өгчихсөн, яамдуудаар дамжуулаад 500 сая доллар гаргаад өгчихсөн шүү дээ. Төрд мөнгө байгаа. Хэнд, юунд зарцуулах вэ гэдгээ төр шийдэж байна. Дарга нарт зарцуулаад ханаж цадах болоогүй юу. Одоо орон сууцгүй иргэддээ өгчихөж болдоггүй юм уу. Энэ бол ганц иргэдийн асуудал биш. Цаана нь бүх хөрөнгөө барилгын бизнес рүү оруулаад дампуурч байгаа өчнөөн олон барилгын компанийн эзэд байна. Барилга нь зарагдана гэж бодсон ч тэр нь царцчихсан, зээлээ төлж чадахгүй байдалд орчихсон байна. Энэ асуудлыг төр зохицуулах хэрэгтэй. Барилгын төслүүдэд өгч байгаа мөнгө банкнаас гарч байдаг. Тэр банкны мөнгө явж явж төрийн мөнгө болж таарна. Бид үнэгүй өгөх тухай асуудал ерөөсөө яриагүй. Хүү авахгүй.
-Та Сангийн яам, Монгол банк, засгийн газраас боломжгүй биш болохгүй гэдэг гэж хэллээ. Энэ төрийн мөнгө зарцуулдаг газруудаас боломжтой эсэхийг нь та бүхэн асуусан уу. Шууд л ийм хөтөлбөр зарлаад бүртгээд эхлэнгүүт иргэд шууд хэрэгжих юм байна гэж итгээд ирээд танайд бүртгүүлээд оочирлоод байна шүү дээ?
-Иргэд маш сайн ойлгож байгаа. Бид ирсэн хүн бүрт бүгдэд нь хэлсэн. Уучлаарай бид одоо шууд өгөхгүй шүү. Манай нам сонгуульд ялаад, олонх болох юм бол бид ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд мэдээж дэс дараалал байгаа. Шууд 70 мянган иргэнийг оочирлуулж байгаад сугалуулна гэж худлаа. Тийм учраас наана нь бүртгэж байгаа нь эрэмбэлэх гэж тэр. 94-тэй өвөө, таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй ирж байна. 10 жил байр хөлсөлж суугаад байранд орчихоор мөнгийг айлын хажуу өрөөнд төлсөн байна. Ийм хөтөлбөр үнэхээр хэрэгтэй байна гэж тэд ярьж байна. Энэ бол улс төрд том мессеж болно. Сангийн яам, Монгол банкны удирдлага үүнийг боломжтой гээд дэмжье гэвэл бүх эдийн засгийн тооцоо, гаргалгааг нь хэлээд хамтарч ажиллахад бэлэн. Монгол Улсын Ерөнхийлөгч ч шүүрч аваад хэрэгжүүлбэл бид хамтарна. Хийхгүй бол бид хийнэ. Яагаад гэвэл бид ард түмэнд амлачихлаа шүү. Улс төрийн нам ийм л ажил хийдэг шүү дээ. Өөр юу хийх юм.
-Иргэдийн эмзэг сэдвийг ашиглаад сонгуулийн шоу хийгээд байгаа юм биш үү. Бас сонгуулийн хууль зөрчөөд байгаа гэж харагдаж байна?
-Манайхаас бусад бүх улсад иргэдийнхээ цалинг нэмнэ, байгалийн баялгаа хуваарилна, ард иргэдэд тулгамдсан асуудлыг шийднэ гэж улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бэлддэг. Дарга нарынхаа амьдралыг гоё болгоно гэж ярьдаг улс төрийн нам байхгүй. Тэгэхээр бид ард түмний амьдралыг сайжруулья гэж байгаа нь ямар хуулийг зөрчөөд байгааг сайн ойлгохгүй байна. Манай улсад ганцхан сонгуулийн хууль байдаг. Тэр нь ээлжит сонгуулийн жил хүмүүсийн цалин нэмнэ гэж амлахыг хориглоно. Ажлын байранд зуучлахыг, байгалийн баялаг тараахыг хориглоно гэх мэтээр хориглосон хэдэн заалт байдаг. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш гэсэн үг. Жилийн жилд үүнийг хамгийн их зөрчдөг хүмүүс бол АН, МАН хоёр шүү дээ. Өгөхгүй гэж байснаа гэнэтхэн байгалийн баялгийн санг тараана гээд энд тэндэхийн гадаадаас авсан доллараа тараагаад унадаг. Эд нар шал дэмий юманд мөнгө үрдэг. Бэлнээр тараадаг. Бид бол арай өөрөөр эхлэх гээд байна. Эдийн засгийг томруулах, тэлэх маягаар арга хэмжээ авна гэж байгаа юм. АН, МАН-ынхан их уурлаж байгаа. Дарга нарынх нь тендер зохиохоор авдаг мөнгө нь багасаад ард түмэн рүү шууд явчих гээд байгаа болохоор хоолоо харамласан нохой шиг л ярзганаж байна. Ийм юм байдаггүй юм, популизм л гэнэ. Бүгдээрээ өндөр боловсролтой, төрийн мөнгөөр гадаадад сурсан хүмүүс эсэргүүцэж байна. Манай, танай үеийнхэн бүгдээрээ сургалтын төлбөрөө өөрөө төлсөн Монголын азгүй залуучууд. Төр ер нь яагаад мөнгө хүүлэх ёстой юм. Иргэдээсээ авсан татварыг буцааж хүүлж байгаа ганцхан төр дэлхий дээр Монголын төр л байна. Өнөөдөр Монгол банк, Сангийн яам, төрийн бүх байгууллага иргэдээсээ мөнгө хүүлж байгаа. Ийм байж болохгүй. Ипотекийн зээлийн таван хувийн хүү нь Монгол банк руу очдог. Монгол банк хэдэн хүн цалинжуулж байгаа вэ. Тэр мөнгийг хаанаас авсан. Гэтэл арилжааны банкууд нь гурван хувийг нь авдаг. Түүнээс татвараа төлнө, хүмүүсээ цалинжуулна, түрээсээ төлнө. Жинхэнэ ашгийг төр, Монгол банк олж байна.
-Танай хөтөлбөрт хэдэн хүн бүртгүүлсэн бэ?
-10 мянган хүн бүртгүүлсэн. Бид сонгуульд ялчих юм бол 350-400 мянган айлын орон сууц барина. Гэхдээ үүнийг Улаанбаатарт барихгүй. Хархоринд барина. Тэрний санхүүжилт нь ч өөр. Хүн нь ч өөр. Тэр хөтөлбөрийг ярихад арай эрт байна. Өнөөдрийн бидний яриад байгаа хөтөлбөр бол одоо байгаа, төрөөс юм уу хаа нэгтээ газраас шинээр мөнгө зарцуулах шаарлагагүй зах зээлд бэлэн байгаа 55 мянган оон сууцнаас ядаж 20-30 мянгыг нь аваад иргэддээ түрээсэлчихье. Өнөөдрийн түрээсэлж байгаа зарчим нь 40 жилээр 8 хувийн хүүгээр тооцсон байгаа учраас үнэтэй болчихоод байгаа. Түүнийг байхгүй болгочихвол одоо 350 мнгаар түрээсэлж байгаа байрыг 200 мянгаар түрээслэх боломжтой болно. Түрээсэлж байгаад яваандаа өмчилнө гэвэл үлдсэн мөнгөө төлөөд л авчихна шүү дээ. Хүү л төлөхгүй гэсэн үг юм.
-Танай нам сонгуульд яллаа. Олонх боллоо гэж бодъё. Тэгээд дөрвөн жилийн хугацаанд энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ?
-Би баталгаатай хэлье гэж бодож байна. Нэг жилийн дотор л 20-30 мянган айлын орон сууцанд оруулчих байх. Хоёр гурван жил болчихоод чадахгүй, болохгүй байна гэх юм бол хугацаанаасаа өмнө тарсан дээр. МАН бол амласныхаа эсрэг ажиллаж байгаа учраас хугацаанаасаа өмнө тар гэж шаарддаг. Дан дээлтэй болно гэж гарч ирсэн. Гэтэл одоо бүгдээрээ давхар дээлтэй. Ер нь бол дөрвөн жилдээ барьцалдаад байдаг. Бусад бүх орон парламентийн засаглалтай л бол амлаж гарсан ажлаа хийж чадахгүй бол дор нь сонгууль зарладаг. Албан тушаалтайгаа зууралдаад байдаггүй.
-Сонгуулийн сурталчилгаа гэж үзэхгүй байна уу?
-Сонгуулийн сурталчилгаа мөн. Яагаад намууд өөрсдийгөө сурталчилж болдоггүй юм бэ. Сурталчилж байж сонгогдох ёстой биз дээ. Чив чимээгүй байж байгаад сонгуулийн сурталчилгааны 21 хоногт багтаагаад ярьж эхлэх ёстой юм уу. Сонгуулийн сурталчилгааг хуучин хоёр сарын хугацаа байсныг 21 хоног болгоод багасгачихсан. Намууд зөвхөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд ажилладаг юм биш. Бусад үед нь ажиллаж байх ёстой юм гэж цэцэрхсээр байгаад сонгуулийн хугацааг багасгачихсан. Тийм учраас бид АН, МАН-ын баталж өгсөн хуулийн хүрээнд л ажлаа хийж байна.
ZALUU.COM
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно