УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах 51 гарын үсэг бүрдсэн гэв үү

Moderator
1 цаг 32 минутын өмнө

Хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 17-ны байдлаар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах  бичигт МАН-ын бүлгийн 47 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байсан. Парламентыг хугацаанаас нь өмнө тараах шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхийн тулд хамгийн багадаа 51 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн байх ёстой.

Харин АН-ын зүгээс  дэмжихгүй байгаагаа илэрхийлж гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдээд буй.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 51 хүрч, энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдээд байгаа ажээ.

Тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж яваа УИХ-ын гишүүд ирэх даваа гарагт цугларах ёстой.  Олонхийн бүлэг УИХ-ын ээлжит бус чуулган хийе гэдэг  дээр  нэгэнт санал нэгдсэн бол ирэх долоо хоногоос улс төр нэлээдгүй бужигнаж таарна.

Парламентын түвшинд гэхээсээ илүүтэй эхлээд МАН-ын  удирдах зөвлөл, цаашлаад Бага хурлын түвшинд энэ асуудал яригдана гэсэн үг.