Ц.Жадамбаагийн 700 өдрийн тэмдэглэл худалдаанд гарчээ

Moderator
Өчигдөр 16 цаг 58 минут

АН-ын сүүлийн залуу лидерүүдийн нэг Их хойд овогт Ц.Жадамбаа нь Сөүлийн үндэсний их сургуульд суралцах хугацаандаа бичсэн тэмдэглэлээрээ анхны номоо гаргажээ. 700 өдрийн тэмдэглэл нэртэй ном нь Солонгос улсад инженерийн шинжлэх ухааны магистр хамгаалахаар суралцсан хоёр жилийн хугацаанд бичсэн түүний өдрийн тэмдэглэлээс бүтсэн байна.

Хүний нутагт хүссэн мэргэжлээрээ дэлхийн хэл болох англи хэлээр суралцана гэдэг ямархуу амаргүй даваа болох, яажшуухан туулж өнгөрүүлсэн тухай бодит үнэнийг “700” номонд өгүүлэх аж.

Ц.Жадамбаа анхны номоо 700 гэж нэрлэснээ тайлбарлахдаа “Солонгос улсад суралцсан хоёр жилийн хугацаанаас амралтын өдрүүдээ хасаад яг танхимд суралцах хугацаа нийт 700 хоног болж байсан юм. Энэ хугацаанд багтажзаавал сургуулиа төгсөх, мөн би хэн болж өөрчлөгдөх, ирээдүйд эргээд харахад зорилгодоо хүрч чадах уу, өдөр бүрийн том сорилтууд минь юу болох гээд олон зүйлийг тэмдэглэж, амьдралдаа дурсамж төдийгүй хүүхдүүддээ сургамж болон үлдээхийг хүссэн төдий. Сургуулиа төгсөөд өөрийн зорилгодоо хүрч, судалгааны ажлаа албан ёсоор www.google.scholar.com-д оруулсан тэр өдрөөс эхлээд өөрийн тэмдэглэлийг хайртай хүүхдүүддээ зориулахын сацуу, бага охин Ж.Оджаргалмаагаа төрөхөд аав нь хажууд нь байгаагүй шалтгаанаа энэхүү номоор тайлахыг хичээлээ. Мөн үргэлж тусалж, дэмжиж ирсэн найз нөхөддөө зориулсан болно” гэсэн юм.

Мөн энэхүү номонд Сөүлийн үндэсний их сургуульд элсэхийг хүсэгчдэд зориулсан сургалтын болоод тэтгэлгийн бүх мэдээллийг багтаасан байна.

Ц.Жадамбаа нь Глобал удирдагч сангийн үүсгэн байгуулагч, АН-ын нарийн бичгийн дарга, улс төрийн бодлогын хэлтсийн дарга, Мэдээллийн технологи шуудан харилцаа, холбооны дарга, агентлагийн даргаар ажиллаж байсан билээ.

Түүний 700 өдрийн тэмдэглэл нь 2019 оны 9-р сарын 12-ны өдрөөс эхлэн номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.