Гари Рассель Н.Төгсцогттой тулалдахгүй гэдгээ илэрхийлжээ

Moderator
2019/06/24

Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, 11 ялалт байгуулсан манай тулаанч WBC холбооны бүсийг эзэмшиж буй Гари Рассельтай рингэнд гарах болсон.

Уг нь энэ хоёр боксчин тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй. Харин энэ удаад WBC холбооноос Гарид хэрэв наймдугаар сард дахин “зугтвал” аваргын бүсийг нь хураан авч, Н.Төгсцогтод тулаангүй өгөх шийдвэр гаргаснаа дамжуулжээ. Хэдийгээр талууд хэлэлцээ хийж байгаа ч тохиролцож чадахгүй бол долдугаар сард промоутеруудын дуудлага худалдаа болно.

WBC холбооны аварга Гари Рассель чөлөөт агент болж, Эл Хеймоноос салсан. Удахгүй “Matchroom Boxing”-ийн Эдди Хернтэй гэрээ байгуулах шинжтэй. Сүүлийн дөрвөн жил дөрөв л тулалдсан бөгөөд жингийнхээ бусад холбооны аваргуудтай тулалдах боломж олж өгч чадаагүй промоутероосоо ийнхүү салжээ.

Харин Гари Рассель манай тамирчинтай тулалдах бодолгүй байна.

Гари саяхан ярилцлага өгөхдөө “Би WBA холбооны хагас хөнгөн жингийн аварга Лео Санта Крустэй тулалдах хүсэлтэй байна. Леогийн дасгалжуулагч нар надаас айгаад байгаа юм. Лео бол жирийн боксчин. Би дор нь цохиод унагаана. Түүний аваргын бүсийг л булаан авах гэж энэ жинд би үлдсэн. Хэрэв энэ тоглолтыг 2019 онд зохион байгуулахгүй бол би 59 кг-ын жинд дэвшинэ. Аваргын бүснээсээ татгалзаад, WBC холбооны 59 кг-ын жингийн аварга Мигель Берчельттэй тоглох болно. Мигелийн бүсийг авахад ямар ч асуудал байхгүй, хялбархан зүйл. Түүний цохиж унагаад цааш явна” гэж мэдэгдсэн байна.

ХАГАС ХӨНГӨН ЖИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГУУД

59 кг

WBA - Жервонта Дэвис (21-0-0, 20 KO), АНУ

WBC - Мигель Берчельт (36-1-0, 32 KO), Мексик

IBF - Тевин Фармер (29-4-1, 6 KO), АНУ

WBO - Жамел Херринг (20-2-0, 10 KO), АНУ

57,2 кг

WBA - Лео Санта Крус (36-1-1, 19 KO), Мексик

WBC - Гэри Рассель (30-1-0, 18 KO), АНУ

IBF - Жош Уоррингтон (29-0-0, 6 KO), Их Британи

WBO - Оскар Вальдес (26-0-0, 20 KO), Мексик

IBO – Н.Төгсцогт (11-0-0, 9 KO), Монгол