АТГ-аас Ц.Пүрэвтүвшингийн 100 тэрбумын хөрөнгийг шалгаж байна

Moderator
2019/06/05

“Монголын зэс” корпорацийн захирал асан Ц.Пүрэвтүвшин өчигдөр Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгчээ. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутган, АТГ болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа ба өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр  48 цаг саатуулаад батлан даалтад гаргасан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ц.Пүрэвтүвшин нь дөрвөн жилийн дотор 100 гаруй тэрбум төгрөгийг орлоготой ажилласан учир дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тогтоохоор ийнхүү шалгаж эхэлсэн байна.

Цоожийн Пүрэвтүвшин нь хөрөнгө оруулалтын банкир.  АНУ-ын Мичиган мужийн Хуулийн Их сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг төгссөн. Хөрөнгийн зах зээл дээрх компаниудад, мөн Засгийн газарт олон улсын зах зээл дээр бонд гаргахад нь зөвлөхөөр ажиллаж байжээ. 49 хувьтай холбогдохоосоо өмнө Худалдаа хөгжлийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан.

Түүнчлэн Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" компаниудын 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн”-ыг удирдаж байсан юм. Түүний хөрөнгө оруулалтын багцад үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбар багтдаг аж. Энд тодотгоход,  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан гэдгийг, “Ростех”-д нэмэлт илүү мөнгө төлөхгүйн тулд Ц.Пүрэвтүвшин гэж хувь хүнийг худалдан авагчийн дүрд тоглуулсан гэдгийг Засгийн газрын нууц протокол дахь үгс баталдаг.

Сингапурын компаниас Ц.Пүрэвтүвшингийн данс руу шилжиж орсон 80,326 сингапур доллар болон 50 мянган ам.долларыг 49 хувийг худалдаж авах үнийн дүнгийн урьдчилгаа гэсэн мэдээлэл бас байгаа юм. Ц.Пүрэвтүвшин хувьцаагаа Сингапурын компанид шилжүүлэх хүсэлт гаргасан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчиж байгаа аж.