Ч.Уранхолбоо: Алдарт эхийн одонг авсан гэхээр үнэхээр сайхан санагддаг юм байна шүү

Moderator
2019/06/04

Эх үрсийн баярын энэ өдөр таван охины ээж дуучин Ану буюу Ч.Уранхолбоо алдарт эхийн нэгдүгээр одон авсан юм. Баярлаж, догдолсон Ану ийн сэтгэгдлээ хуваалцсан байна.

“Өнөөдөр өглөө 4-н цагт эртлэн бослоо. Яагаад вэ гэж үү ?Өмнө Алдарт эхийн одонтой олон сайхан ээжүүдийг таньдаг мэддэг тэднээр бахархдаг байлаа.Харин өнөөдөр өөрөө одонтой ээжүүдийн нэг болж, төрийн тэргүүнээсээ Алдарт эхийн хоёрдугаар одон гардан авлаа Ихэр охид маань ой хүрч, завгүй ээж би албан ёсоор энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхээр болзолоо хангасаан . Хэдийгээр шагналыг нь би хүртэж байгаа ч тэднийгээ эрүүл саруул өсгөн бойжуулахад халамжит ханийн маань, хайртай аав, ээжүүд, эгч дүүсийн маань тус дэм асар их байсан билээ. Тэдэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.  Бас араасаа охин дүү нар дагуулсан Бүжка маань дүү нэмэгдэхийн хэрээр хариуцлага хүлээж, хэрсүүжиж ухаажсаар ирсэн. Ээж, аавдаа ирсэн таван сайхан охиндоо баярлалаа♥️♥️♥️♥️♥️ та нар минь ээжийнхээ хувиршгүй, дундаршгүй их хайрын эзэд шүү. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хариуцлага нэмэгддэг, тэдний насны онцлог, хувь чанар, сэтгэхүйн онцлогт нь тааруулж харьцах хэрэгтэй болдог. Олон сайхан хүүхэд төрүүлж, тэднийгээ өв тэгш хүмүүжүүлж ирсэн үе, үеийн ээж, аавуудын хөдөлмөрийг өөрсдөө туулаад ирэхээрээ улам бүр бишрэн хүндэтгэх болсон. Үе, үеийн одонт ээжүүддээ, ирэх он жилүүдэд Алдарт эхийн одонг энгэртээ гялалзуулах бүсгүйчүүд, охиддоо энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе.  
Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл хоёр хүүхэд төрүүлж өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, гурваас дээш хүүхэд төрүүлж өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг билээ. Мэдээж залуу гэр бүлүүд боломжтой бол олон хүүхэдтэй болохыг хүсдэг байж таарна. Монголчууд бид цөөхүүлээ. Аль болох олуулаа болж, аль болох нэгнээ хайрлаж дэмжиж чадвал бид өсч, бид хөгжинө гэж санадаг. Хэдийгээр бурхнаас илгээсэн бэлгийг хүлээн авч байгаа хүмүүсийн хувьд одоо тэдэн хүүхэдтэй болоод тийм одон авна гэж боддоггүй л дээ. Гэхдээ л Алдарт эхийн одонг авсан гэхээр үнэхээр сайхан санагддаг юм байна шүү  нэг тийм гэгээхэн гоёхон догдолсон сэтгэлээр би үүнийг бичиж сууна” гэжээ.