БНХАУ-д гурван өдөр үргэлжлэн, өчигдөр дууссан “Хөх хот-2019” гран при тэмцээнд манай улсаас 24 бөх зодоглосноос Н.Түвшинбаяр мөнгө, Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан, Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Киргизстаны Б.Токтогонов, ОХУ-ын Ален Цовребов, Германы Йонас Фрэй нарыг өвдөг шороодуулснаар шигшээд шалгарсан юм. Улмаар алтан медалийн төлөө БНСУ-ын Ким Мин Жонд дийлдэв. Солонгос эр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Лукас Крпалекийг өвдөг шороодуулсан юм. 66 кг-д хүч сорьсон Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд БНХАУ-ын Зан Шиуг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Жеан Даниелд дийлдсэн. Улмаар дагах тойрогт Азербайжаны И.Ибрахимовичийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Абдула Абдулзалиловыг ялав. Ингэснээр 25 настай Ё.Басхүү гран при ангиллын тэмцээнээс зургаа дахь медалиа (нэг алт, таван хүрэл) хүртлээ.
-100 кг-д зодоглосон, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар эхний тойргуудад БНХАУ, Канадын бөхийг ялсан ч хагас шигшээд Израилын Бинжамин Флечерт өвдөг шороодсон. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Арман Адамианыг ялсан юм.
Хөх хотын гран прид сойсон монгол шилдгүүдээс Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар, Н.Дагвасүрэн, Азийн АШТ-ий мөнгөн медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч нар эхний даваанд, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр хоёрдугаар тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгав.
Ингэснээр монгол жүдочид багийн дүнгээр XI байрт шалгарлаа.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ