Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг судлахад асар их бэрхшээл тулгарч байна гэв

Moderator
2019/05/08

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар Хүний эрхийн комиссын 18 дугаар илтгэлийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд байнгын хорооноос төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүлгэж хилс хэрэг хүлээсэн тогтоогдсон гэх үндэслэлээр яаралтай суллах чиглэл гаргахыг хүслээ.

Харин энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Энүүхэндээ гэхэд асар их бэрхшээл тулгарч байна. Шаардсан материалыг гаргаж өгөхгүй хугацаа алдах, яллагдагчаар татах санал тавиахад долоо хоног хүлээлгэж байна. Ийм бэрхшээл өдөр бүр гарч байна. Дургүйд хүчгүй гэдэг л болчихоод байгаа шүү. Өнөөдөр материал гаргаж өгдөггүй, маргааш нь дуртай нь дургүй гаргаж өгдөг. Гаргаж өгсөн материал нь хагас байх жишээтэй. Гол зохион байгуулагчийг өчигдөр яллагдагчаар татаж чадсан эсэхийг мэдэхгүй байна, татаж чадахгүй байна эд нар. Би Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчид хэлж байна шүү" гэв. 

Түүнчлэн "Энэ бол зүгээр нэг хэрэг биш шүү. Цагдаа нар өдөр, шөнөгүй л ажиллаж байна. Хурдан шийдвэрээ гаргаад шийдчих асуудалд хоног алдаад байна шүү дээ. Энэ чинь ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрт нь там болчихоод байна. Тэртээ тэргүй тамлачихлаа. Бүтэн дөрвөн жил тамлалаа. Хангалттай биш үү. Үнэхээр хэцүү байна. Тэр шүүгч чинь хязгаарлах арга хэмжээг нь авч өгөхгүй байна. Та нар энд суучихаад амархан зүйл л яриад байна. Би хоёр жил зургаан сар зөвхөн энэ асуудалтай ноцолдож байна. Зовлонг нь та нар мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг ярьсан бүх хүнд хэрэг үүсгэсэн байдаг" хэмээн байр сууриа илэрхийллээ.