Талийгаач өөрийгөө буудаж, амиа хорлосон нь тогтоогджээ

Moderator
2019/05/01

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнгөрөгч дөрөвдүгээр 26-ны өдөр 61 настай иргэн Ж гэгч толгойн тус газраа сумны шархтайгаар нас барсан хэрэг гарсан.

Шалгалтаар, амь хохирогч эрэгтэй нь хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буугаар өөрийгөө буудан хороосон нь тогтоогдсон бөгөөд уг хэргийн зэвсэг хэргийн газраас алдагдсан юм. Тиймээс Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид шалгалтын ажиллагаа явуулсны дүнд, хэргийн газрын ойролцоогоос архины хамааралтай 41 настай эмэгтэй О гэгч бууг авч, Дарь-Эх орчимд байрлах хүнсний дэлгүүрт 6000 мянган төгрөгийн архины барьцаанд тавьсан байсныг хураан авсан байна.

Улмаар уг бууг талийгаачийн ар гэрийнхэнд таниулахад, амь хохирогч Ж-ийн өөрийн буу болохыг нотолжээ. Тэрээр амиа егүүтгэхийнхээ өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зуслангийн байрнаасаа буугаа авч ирсэн гэх ба талийгаач нь чихрийн шижин өвчний улмаас өвдөж, шаналж байгаа талаараа бичиж, хүүхдүүдээсээ уучлал хүссэн тэмдэглэл үлдээсэн байжээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.