Үйлчлүүлэгчдээс гомдол тасардаггүй "Ким Баб Чонгүг" хоолны газрын Баянзүрх дүүрэг дэх салбарыг түр хаажээ

Moderator
2019/04/10

Бохир завааны дээр жоомтой, хулганатай хэмээн сошиалаар иргэдийн гомдол тасардаггүй нэгэн газар бол "Дүнбэгмайл" ХХК-ийн "Ким Баб Чонгүг"  сүлжээ хоолны газар юм.  Тэгвэл "Дүнбэгмайл" ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Ким Баб Чонгүг" хоолны газрын салбарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалтыг хийжээ.
 Шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, хүнс түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан, хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, 3-4 хонуулж чанар нь муудсан тос ашигласан, нэг хоолыг олон дахин халааж үйлчлүүлэгчдэд олгодог, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Дээрх зөрчлүүд илэрсэн тул Баянзүрх дүүргийн прокурорын 07 тоот тогтоолоор үйл ажиллагааг нь түр зогсоож, зөрчлийн хэрэг нээж, албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар мэдээлэв.