Өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаж байгаа талаар танилцууллаа.
Энэ тухай УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан АН байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бодлоо. Тус чуулганаар улс оронд үүсээд байгаа олон асуудлын талаар эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийж байна. Хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн. УИХ-ын 2016 оны сонгуулийг гуйвуулж, 60 тэрбумын схемээр төрийн албыг, төлөөллийн ардчиллыг худалдаж авсан өнөөгийн эрх баригчид хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавьлаа” гэлээ.
Шаардлагад:
1. Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.
2. Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улс төржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.
3. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.
4. Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.
5. Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна.
Түүнчлэн Ардчилсан намын бүлэг байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцоно гэдгээ мэдэгдлээ.
Энэ тухай хэлэхдээ, “УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн бүлгээс гишүүн гарсан эсэх асуудлаар УИХ-ын даргад албан мэдэгдэл хүргүүлсний дараа чуулганаар сонсгол болгодог. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг эрх зүйн чадамжтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ-ын даргад ямар нэг бичиг хүргүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд бид эрх баригчдад дарамтлуулсаар ирсэн. Бид өнөөдөр эрх зүйн чадамжийн хувьд бүлэг хэвээрээ байгаа ч бүлгээс гарахаа илэрхийлсэн гишүүдийн асуудлыг даваа гаригт бүлгээрээ хэлэлцэнэ. Сүхбаатарын талбайд ЖДҮ-г эсэргүүцэх, МАН-ын өнгөрсөн гурван жил хийгээгүй асуудлыг нэхэмжлэх, эрх зүйн чадамжгүй төр ажиллаж байгаа гэдгийг сануулна” гэв.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана