Прокурор Г.Эрдэнэбат С.Зоригийн хэргийн алуурчид Б.Содномдаржаа нар мөн хэмээжээ

Moderator
2019/04/02

С.Зориг агсаны хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэргээ хүлээ хэмээн ялтангуудаар тамлуулж байгаа бичлэгийг нь үзсэн сэтгүүчид багагүй шокд орсон харагдсан. Тэгвэл С.Зоригийн хэргийг зохиомлоор гүйцэтгэж хууль зөрчин, нэг өрөөнд хамт байрлуулан нэгнээр нь дарамтлуулж, зүй бусаар харьцаж хэрэг хүлээлгэсэн гэх хэргийн гол эзэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэмээн хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээлсэн байдаг. Энэ талаар тус бичлэгийг үзсэн сэтгүүлчдээс нэг нь Г.Эрдэнэбаттай холбогдож тайлбар ярилцлага авчээ. Уг ярилцлагад Г.Эрдэнэбат прокурор С.Зоригийн хэргийн алуурчид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар мөн болох нь нотлогдсон гэх утгатай зүйл ярьжээ. Түүний ярианааас хэсэгчлэн хүргэвэл:

"Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатартай нэг камерт байснаас хойш тав хоногийн дараа би энэ хэргийг хийсэндээ харамсаж байна гэж бичиж өгсөн байдаг. Үүний дагуу мөрдөн байцаагч байцаалт авсан. Тэрээр хэрэг хийсэн тухайгаа ярихдаа бид захаас гутлын үдээс авсан. Түүгээрээ Б.Булганыг хүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Б.Содномдаржааг өмгөөлөгчгүй байцаасан. Үүнийг нь хяналт тавьж байсан прокурор нь чи хууль зөрчсөн байна гээд шаардлага бичиж арга хэмжээ авсан. Өмгөөлөгч нь орж ирээд ярихад мөн нөгөө зүйлээ давтаж ярьсан байдаг. Тэгээд өмгөөлөгч чи энэ хэргийг хийгээгүй биз дээ, надтай байхдаа ярьсан зүйлээ яриач гэхээр л би энэ хэргийг хийгээгүй гэж өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн байдаг. Хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтууд үнэлэгдэхгүй байх ёстой. Өмгөөлөгчтэйгөө өгсөн мэдүүлгийг нь бол ашиглана. Ц.Нямдорж сайд ямар нэгэн эрүү шүүлт байхгүй өөр нотлох баримтуудыг үгүйсгэж эхэлж байна лээ. Тэр бичлэгээс гадна.

Тухайлбал, 1998 онд би тэр хүнийг харсан орцонд таарсан надаас С.Зоригийн гэрийг асуусан гэсэн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа харагдсан. Яаж 18 жилийн дараа санадаг юм. Тэр яасан ой сайтай хүн бэ гэж. 18 жилийн дараа боловч тэр хэрэг тухайн үедээ нийгмийг цочоосон. Тэгээд зураг таниулах аргаар тухайн гэрчээс асуухад энэ байна гээд гэрчүүд гурав дөрвөөрөө шууд заасан байдаг. Үнэхээр та яг таньж байна уу гэхэд тэр мартагдахаар эд биш шүү дээ гэдэг. Тэр хэрэг гарангуут яг тэр хүн мөн байна гэсэн айдас үлдсэн учир мартаж чадаагүй гэж. Дахин олон удаа тэдгээр гэрчүүдийг янз бүрийн аргаар шалгасан алдаа гарчих вий, албаар төөрөгдүүлж байх вий гээд. Тэгэхэд дандаа л мэдүүлэгтэйгээ таарч байсан. Олон газар олон үндэслэлээр дахин шалгаж, байж үйлдсэн хүмүүс нь мөн байна гэж шүүхэд өгсөн шүү дээ. Уг нь шүүх бүх талаас нь нягталж үзээд гурван шатны шүүхээр нотлогдоод хэргээ хүлээж байгаа хүмүүс. Гэтэл одоо яах гэж байгаа юм бүү мэд.

Энэ мэтээр энэ хэрэгт тэр эрүү шүүлттэй холбоогүй цуглуулсан нотлох баримтуудыг энийг ч дарамталж цуглуулсан, энэ ч сэжигтэй гэх мэтээр үгүйсгэх гэж байгаа юм байна л даа. Ингээд С.Зоригийн хэргийг илрүүлсэн бүх баримт нотолгоог устгаад зохиомлоор хэрэг үүсгэсэн гэж үзээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт хэлмэгдсэн гээд цагаатгаад хаах гэж байгаа юм байна. Тэгээд энэ хэргийг илрүүлсэн хүмүүсийг буруугаар шийдсэн гээд том хариуцлага хүлээлгэх тийш нь явчихлаа. Төлөвлөгөө энэ юм байна гэж харж байна.

Зарим гишүүд энэ хэрэгтэй холбогдуулан жишээ аваад яриад байгаа нэг хэрэг байгаа. н.Дугархорлоогийн хэрэг гэж. Энэ хүний биед олон тооны гэмтэл учруулаад, хөхрөлт няцралт үүсгээд, карбин буугаар шилэн хүзүү рүү нь буудаж алсан хүн амины хэрэг гарсан. Тэгээд энэ хэргийг мөрдөөд нэр бүхий хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ хэргийг дахин задалж прокурорын мөрдөгч нартай хариуцлага тооцоод дууссан байдаг. Би энэ хэргийг уншиж байсан. Алдаа завхрал хаана нь гарсан юм бол, гээд сонирхсон.

Хамгийн эмгэнэлтэй нь н.Дугархорлоо согтуу унаж ойчоод биедээ гэмтэл учруулсан байна. Тэр бууг ардаа барьж байгаад гохыг нь дараад өөрөө амиа хорлосон гэж бичээд хаасан байдаг. Үүн шиг С.Зориг өөрийгөө 18 удаа хутгалсан уу, хутган дээр унаад үхсэн байна гэж арай хаахгүй байлгүй дээ гэж найдъя. Энэ хэргийн холбогдогч нарыг суллаад, одоо мөрд дөө л гэх байх аа даа, хэрэв тэгчихвэл үүнийг мухарлая гэж зүтгэх зоригтой аавын хүү хэд олдох бол. С.Зоригийн хэргээс болж, төрдөө зүтгэсний төлөө бүгд нуруугаа авхуулж байна.

-Энэ хүмүүс ямар нэг сэдэлгүй айлын гэрт шууд очоод хүний амь тасалсан байдаг юм уу. Эсвэл өөр цаана нь захиалга энэ тэр байдаг уу. Үүнийг тогтоосон уу?

-Энэ хэрэг захилагат гэдэг нь тодорхой л доо, хэн ч үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ би одоо үргэлжилж байгаа мөрдөлтийн нууцыг задлах эрх алга даа. Одоо ийм үед бүүр хэцүү. Дайран дээр давс нэмнэ. Гэхдээ гүйцэтгэгч нар бүгд захиалагч нь хэн бэ гэдгийг асуухаар олигтой юм олдохгүй тал бий. Ц.Амгаланбаатар дандаа худал ярьж хэргийг будлиулах гэж оролддог хүн. Их өөр өөр юм ярина. Ц.Амгаланбаатарын мэдээллээр шалгалт хийж Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг олсон. Гэхдээ Б.Содномдаржаа өөр зүйлээр хэргээ нотолсон хүн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр хоорондоо ярьсан яриагаар тэр мессэж явуулсан гэх баримтаар нотлоод эхэлсэн.

Т.Чимгээ хажуудаа байгаа хүндээ хэргээ яриад эхэлсэн. Ингээд захиалагчийн шалгах ажлын хэсэг үргэлжлүүлээд ажиллаж байсан. Одоо ажлын хэсгүүд бүгд өөрчлөгдсөн. Бүх хүмүүсийг өөрчилж байгаад цаашаа явах юм гэсэн. Шинэ ажлын хэсэг гурван жилийн гүйцэтгэх ажлыг, хоёр жилийн мөрдөн байцаах ажлыг мэдэхгүй. Захиалагчийг шалгах ажлын хэсэг зарим хүмүүст маш аюултай байгаад байна л даа, тэгээд саад болж эхэллээ. Ц.Нямдорж сайд улаан цайм хууль бус үйлдэл хийж зөрчөөд зохиомол хэрэг гээд хэлчихлээ. Одоо бол энэ өөр тийш эргэж өөр сэдэв болчхов бололтой. Энэ нь тэгээд сүүлдээ хуулийн байгууллагуудыг хуугаар нь цэвэрлэе гэсэн аян болж хувирлаа. Би юу хэлэх ёстойгоо мэдэхгүй байна"  хэмээжээ.