МАНАЙ УЛСЫН 1 ХҮН ТУТАМД ДУНДЖААР 16 БЭЛЭН ГОЙМОН НОГДОЖ БАЙНА

Moderator
2019/03/19

Олон улсын сүлжээ конвениенс дэлгүүрүүдийн салбар хотын төвөөр борооны дараах мөөг шиг л нэмэгдэж байна. Нийтдээ 200 орчим салбар нээх зорилготой байгаа гэхээр тэр хэмжээний бэлэн гоймон идэх газар бий болж байна гэсэн үг. Ядаж л гэртээ байх хугацаанд аав, ээж нь хүүхдүүдийнхээ гоймонгийн хэрэглээг хязгаарлах боломжтой байсан. Харин ийм боломж үгүй болcоор...Бид бэлэн гоймонг өттэй, хортой, хавдар үүсгэдэг, хэрэггүй гэсэн ч хэрэглэсээр л байдаг. Үнэхээр жилээс жилд импортолж буй бэлэн гоймон өсөөд байна уу? Гаалийн ерөнхий газраас тус тоон мэдээллийг асуусан хэдий ч манай бүртгэлд байхгүй гэж мэдэгдэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ХАМГИЙН ХОРТОЙ 10 бүтээгдэхүүний нэгээр нэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Монгол улс бүртгэдэггүй гэхээр өнөөх хүнсний аюулгүй байдал юу болох вэ?

Монголын бэлэн гоймон үйлдвэрлэдэг Coco нь жилд дунджаар зургаан сая сав бэлэн гоймон үйлдвэрлэдэг. Ингээд ерөнхийд нь 15-49 насныхан бэлэн гоймонг хэрэглэдэг гэж үзвэл нэг хүнд жилд 16 бэлэн гоймон ногдож байгаа юм. Өөрөөр хэлбэл сард дор хаяж 1-2 удаа бэлэн гоймон идэж байна гэсэн үг. Энэ бол 4 жилийн өмнөх тоо. Магадгүй энэ тоо хэд дахин өссөн байж болох юм. 

Зураг 1. Монголын хүн амын насны бүтэц

 

Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо

ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ НЬ БЭЛЭН ГОЙМОНГИЙН БОРЛУУЛАЛТАД ИЛҮҮ АШИГТАЙ

Эдийн засаг хямарч эхлэхэд хямд үнэтэй түргэн хоолны эрэлт нэмэгддэг байна. Учир нь хүмүүсийн орлого багассантай холбоотой хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн сонгож эхэлдэг. Монголд ч гэсэн энэхүү нөхцөл байдал ажиглагдаж байна. Тухайлбал эдийн засаг хүндрэлтэй байсан 2015, 2016 онуудад бэлэн гоймонгийн үнэ буурахгүй, тогтвортой өсөж байгаагаас харах боломжтой. 

Зураг 2. Нонгшим бэлэн гоймонгийн үнэ, дүүргээр

 

Эх үүсвэр: Нийслэлийн статистикийн газар

Өнөөдөр 120 граммтай нонгшим бэлэн гоймонгийн дундаж үнэ 1,450 төгрөг байна. Дүүргүүдээр нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт бусад дүүргүүдтэй харьцуулахад 100-150 төгрөгөөр илүү байдаг байна. Энэ бүсэд их сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулиуд өргөн тархсан байдагтай холбоотой байж болох юм.

БЭЛЭН ГОЙМОНГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ БОЛ ТАВ, 10, 20 ЖИЛИЙН ДАРААХ ӨӨРТЭЙГӨӨ ЭМНЭЛЭГТ УУЛЗАНА

Бэлэн гоймонг тогтмол хэрэглэх нь элгэнд өөрчлөлт оруулах, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх, цус бохирдуулах гэх мэт олон сөрөг үр дагавар үүсгэж болохыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоосон. Цаашлаад хорт хавдрын нэг шалтгаан болохыг ч бас дурджээ. Манай улсын хувьд хавдар нь нас баралтын зонхилох шалтгаануудын нэг болж байна. Тиймээс бид ирээдүйн өөртэйгөө эмнэлэгт уулзмааргүй байвал бэлэн гоймонгоос аль болох татгалзах хэрэгтэй. 

Зураг 3. Монголчуудын нас баралтын шалтгаан, өвчний төрлөөр

 

Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо

БИДНИЙ МУУЛДАГ ХЯТАДУУД ХҮРТЭЛ БЭЛЭН ГОЙМОНГООС ТАТГАЛЗАЖ БАЙНА

Мах бага хэрэглэдэг, хүн ам ихтэй, Азийн халуун орнуудад бэлэн гоймонг их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ нь ч орчин нөхцөлд нь зохицдог байна. Гэвч бэлэн гоймонгийн зах зээл сүүлийн жилүүдэд аажим буурах хандлагатай байгаа юм.

Бэлэн гоймонгийн зах зээл 2017 оны байдлаар дэлхий даяар 100 тэрбум сав бэлэн гоймонг хүмүүс иджээ. Энгийн арифметик тооцооллоор өдөрт 270 сая сав бэлэн гоймон идэж байна гэсэн үг. Хятад улс 2013 онд 46 тэрбум сав бэлэн гоймон хэрэглэдэг байсан бол 2017 онд 38 тэрбум сав болж буурчээ.