Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлоно хэмээн бужигнуулсан компани, тэдний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн эргэн тойрон дахь ээдрээ, эргэлзээтэй үйл явдлын талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Тусгай хамгаалалттай газарт, Хамарын хийдтэй хаяа хатган ажилчдын байраа төвхнүүлэхээр завдсан бөх зүрхтэй компанийн талаар нутгийн иргэд ямар ч мэдээлэлгүй, тэр ч бүү хэл, орон нутгийн удирдлага нь ч нэг мөр ойлголтгүй, өөр хоорондоо тусгай зөвшөөрөл дамжуулсан олон компани дунд төөрч, будилж суугаа тухай, мэдээлэл цуглуулж, тусгай зөвшөөрлийн “туулсан” урт замаар мөшгөх тусам эргэлзээтэй, сэжиг, хар төрүүлэм дүр зураг тодорч буй талаар бид тухай бүрт нь мэдээлж байгаа билээ.
ЭРГЭЛЗЭЭ, ХАРДЛАГА ХИЙГЭЭД НЯГТЛУУШТАЙ ЗҮЙЛС
Гэвч түүний энэ зоримог мэдэгдэл, шуурхай алхмуудын эрчинд дарагдаад анзаарагдахгүй байгаа өөр нэг санааг энд дурдахгүй өнгөрч болохгүй нь. Аймгийн Засаг даргатай утсаар холбогдоход “Тост, Тосон бумбад байсан компанийн тусгай зөвшөөрлийг өөр газарт шилжүүлж, газар дүйцүүлэн олгосон юм билээ. Ийм хууль журам байдаг бол олон жил хайгуул хийсэн энэ компанид үүн шиг арга хэмжээ авах боломж байна уу гэсэн саналаа хэлж, бичиг, тоот илгээсээр байгаа. Компани нөхөн төлбөр нэхэж, аймагтай шүүхдэж магадгүй гэж бодоод, Хамарын хийдийг тусгай хамгаалалтад авч, тусгай зөвшөөрлийг нь өөр аймгийн нутаг дэвсгэр лүү шилжүүлээд өгчихөөч гээд байгаа юм” гэсэн. Өөхөнд боосон чулуу шиг энэ үгээ ганц надад ч биш, энд тэндгүй л ярьж яваагаас түүнд Хамарын хийдийг хамгаалах нь чухал байна уу, компанийн тусгай зөвшөөрлийг өөр газарт шилжүүлэх нь чухал байна уу гэсэн эргэлзээ төрж буй юм.
Дээрх үйл явдлуудаас төлбөрөө ч төлөхгүй явсаар цуцлуулж, арваад жил хайхралгүй хаячихсан тусгай зөвшөөрлөө компанийнхан яагаад гэнэт санав, өмнө нь хэн ч тоогоогүй, албан ёсоор хайгуул судалгаа ч хийлгүй орхисон газартаа гэнэт анхаарч, ийм олон үйл явдал энд давхацсаны цаана юу нуугдаж байна вэ, тэд үнэхээр эндээс ашигт малтмал олборлох зорилготой юу, эсвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, олон нийтийн анхааралд орох гэсэн жүжиг тавив уу гэсэн асуултууд ургаж байна.
Үйл явдлын мөрөөр сурвалжилсан сэтгүүлчийн хувьд ийм эргэлзээ, хардлагууд төрж байна. Газар мундсан биш, түүх, соёлын дурсгалтай, аялал жуулчлалын томоохон төв болох ирээдүйтэй Хамарын хийдэд эрхбиш харсаар байж нүүрс олборлуулахгүй. Үүнийг олон нийт ч, төр засаг ч зөвшөөрөхгүй. Тэгэхээр улсын хамгаалалтад авах, тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал цаашид үргэлжилнэ. Хамарын хийдийн талаар улам чанга дуугарах, улсын хамгаалалтад авах, тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүй ёсных. Гэхдээ гарцаагүй хийгдэх энэ ажлаар далимдуулан ашиг хонжоо олохоор зохион байгуулалттайгаар асуудал үүсгэж буй луйврын бүлэглэл байгаа юм биш биз гэсэн хардлага улам лавширч буйг сануулж, сэрэмжлүүлэх нь сэтгүүлчийн үүрэг билээ.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНД АШИГЛАСАН ТЕХНОЛОГИО ХАМАРЫН ХИЙДЭД ДАВТАЖ БАЙНА
Хамарын хийд орчмын Хар тал тусгай зөвшөөрлийн талбайг хоёр компани хуваан эзэмшиж буй талаар дээр өгүүлсэн. Үүний нэг нь “Даблью эс жи эл” хэмээх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани, нөгөөх нь Б.Балдорж захиралтай “Олон ихт баян”.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Б.Балдорж бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү. Ард нь мэдээж Б.Чойжилсүрэн байгаа. Тэд Тост, Тосон бумбад хэрэгжүүлсэн технологио Хамарын хийдэд давтаж байна. Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах нь нэгэнт тодорхой болчихоод байхад тэнд очиж баахан бужигнаан үүсгэснийг нь санаж байна уу. Яг үнэндээ Тост, Тосон бумбын нуруунд Б.Чойжилсүрэнгийн ухах гэж дайраад байсан газарт тэгж хүний шунал хөдөлгөхөөр их нөөц байхгүй гэдгийг геологичид мэднэ. Харин ингэж дуулиан шуугиан дэгдээсний цаана өөр газар авах зорилго байсан. Хамарын хийдэд ч тэр аргаа давтаж байна. Үнэхээр уурхай ажиллуулж, үйл ажиллагаа явуулах гэж буй компани бол тэнд кэмпээ байгуулж, хүмүүсийн эсэргүүцэлтэй тулахаасаа өмнө бичиг баримтаа бүрдүүлэх гэж хөөцөлдөнө шүү дээ. Дүн өвлийн хүйтэнд, нэгдүгээр сард уурхай ажиллуулах гээд, ямар ч бичиг баримтгүй хятадууд сууж байгаа нь үнэхээр үнэмшилгүй явдал” гэсэн. Өрнөж буй үйл явдлуудын холбоос, сүлжээсийг харах тусам дээрх яриа итгэл төрүүлж буй юм.
Тост, Тосон бумбын нуруу, Хамарын хийдэд адилхан технологи хэрэглэж буйг илтгэх ганц жишээ дурдъя.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Гэтэл Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коэл транс” компани тэнд 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад, тус газрын тусгай хамгаалалтын хил заагийг тогтоох Засгийн газрын шийдвэр гарахтай зэрэгцэн уурхай ажиллуулахаар дайрч, олон нийтийн анхаарлын төвд орсон. Дэлхийд нэн ховордоод буй ургамал ногоо, ан амьтан, тэр дундаа цоохор ирвэсийн өлгий нутаг ухсан нүх болж үлдэнэ гэдэг хэн бүхэнд хайран санагдаж, тэдний үйл ажиллагааг эсэргүүцэх нь тодорхой байхад, нутгийнхан өчнөөн жил хөөцөлдөж байж улсын тусгай хамгаалалтад оруулсан газарт шүү. Нутгийн иргэд тус компанийг шүүхэд өгч, УИХ, Засгийн газрын гишүүд хүртэл газар дээр нь очин, компанийн үйл ажиллагааг зогсоон сүржигнэсэн билээ.
Тэгэхэд Б.Чойжилсүрэнгийн компани байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлт, хайгуулын анги байрлуулах газрын зөвшөөрөл зэрэг наад захын бичиг баримтгүйгээр Тост, Тосон бумбын нуруу руу дайрч, Засгийн газар шийдвэр гаргахтай зэрэгцэн хөрс хуулсан баяраа тэмдэглэж, олон нийтийг шуугиулсан нь хэвлэлийн хуудсанд үлдсэн байна. Эцэст нь тэр бүхэн өөр газар авах гэсэн жүжиг байсан гэж албаны хүн хэлэв.
Хамарын хийд орчимд мөн л ашигт малтмал ашиглах ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт, газар, ус ашиглах гэрээ гэх мэт холбогдох бүх бичиг баримтгүй компани уурхай ажиллуулна гэсэн. Мэдээж энэ нь олон нийтийн дургүйг ихэд хүргэж, эсэргүүцэлтэй тулсан. Тэдний зорилго ч энэ л байсан мэт.
Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан. Энэ заалтыг ашиглан ашигт малтмалын нөөц багатай ч олон нийтийн анхаарал татах газруудаар өгөөш тавьж, хүссэн ордоо өөрийн болгодог хууль ёсны луйвар цэцэглэж буй юм биш үү. Өөр аргагүй мэт нөхцөл байдал үүсгэж, гарах гарцгүй хохирогчийн дүрд тоглож, нөөц ахиутай тусгай зөвшөөрлийг гартаа оруулах луйвар Тост, Тосон бумбаас эхэлж, Хамарын хийдээр үргэлжлэн, ийм ажилд амтшиж, мэргэшсэн хүмүүс бий болчихоогүй биз!
Unuudur.mn
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана