БНСУ-д ажиллах иргэдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Moderator
2019/03/11

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхэлж, маргааш 18.00 цагт хаагдах юм байна. Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлэх юм. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
  • Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
  • Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
  • Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
  • Өөрийн биеэр бүртгүүлэх

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Монгол Улсын иргэн байх
  • 18-39 настай байх
  • Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримж гаргуулж байгаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
  • Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх шаардлагатай.
  • БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар. Тиймээс Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.