Ц.Нямдорж: Сэтгэл санааны хүнд байдалд байж байгаад л энэ осол гарсан

Moderator
2019/02/27

Хорих 461-р ангид түр хоригдож байсан иргэн Л.Б гэх эмэгтэй амиа хорлосон хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Уг  харамсалтай хэрэг гарахад хууль, хүчний байгууллага нөлөөлсөн, хариуцлагагүй ажилласан гэх мэдээлэл олон нийтийн дунд байна. Мөн уг хэргийн талаар өнөөдрийг хүртэл тайлбар хийгээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хорих 461-р ангид хоригдож байсан эмэгтэй нас барсан хэргийн талаар таньд ямар мэдээлэл байна вэ. Хэрэгтэй холбогдуулан хэн нэгэнд хариуцлага тооцсон уу ?

-Хоёр ажлын хэсэг гарсан. Шалгалтын ажил явагдаж дууссаны дараа хариуцлагын асуудал яригдана. Одоогоор хэн, нэгэнд хариуцлага тооцоогүй байна. Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайлбал, ямар шалтгаантай нас барсныг шалгаж байна. Түүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хяналт, шалгалт оруулаад ажиллаж байгаа. Уг шалгалтын дүн өнөөдөр эцэслэн гарах байх.

-Талийгаачийн гэр бүлийнхэн “Амиа хорлох хүн биш” гэж хэвлэлүүдэд ярьсан байсан. Мөн цусаараа гэрээслэл хүртэл бичиж байхад нь шоронгийн харгалзагч мэдээгүй нь өөрөө сэжиг төрүүлээд байх шиг.  Амиа хорлосон уу, өөр шалтгаантай байсан уу гэдэг талаар танд мэдээлэл ирсэн байх?

-Шалгалтын дүн гарсны дараа хуулийн байгууллага эцэслэнэ. Ийм эмзэг асуудлаар аль, аль талаасаа буруу мэдээлэл цацаж, бурхан болсон хүнийг хамгаалж байгаа юм шиг дүр эсгэж бүр доромжлоод байж болохгүй. Хүний амьдралын ийм эмзэг асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. Надад танилцуулга, мэдээлэл ирсэн. Албан ёсоор шалгасны дараа явуулж, мэдээллээ өгөх байх.

-Талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор саатуулсан гэдэг нь үнэн үү?

-Энэ асуудлыг АТГ шалгаж, шөнийн 03.00 цагт саатуулсан. Сэтгэл санааны хүнд байдал байж байгаад л энэ осол гарсан. Тэр шалгалт нь зөв  явагдсан, буруу явагдсан гэдэгт прокурор хяналт тавьдаг.

-Хуульчийнх нь хувьд та талийгаач Л.Бямбааг хэр сайн мэдэх вэ?

-Би танина, бид хамтдаа Улсын прокурорт нэг конторт сууж байсан. 10 гаруй жил нэг конторт ажилласан.

-Алба хааж байсан цэрэг зэвсэгтэй оргож, ОХУ-ын нутаг дэвсгэрт амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн ОХУ болон манай талын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-ОХУ-ын тал шалгаад материалаа манай талд өгөөгүй байна. Мөн хил дотор гарсан асуудал нь цагдаагийн журмаар шалгагдаж байгаа. Энэ хоёр талд гарсан дүгнэлтийг нэгтгэж байгаад мэдээлэл өгөх байх.

-Таны хариуцсан салбарт хүн амиа алдсан хэрэг хэдэнтээ гарлаа. Та үүнд хариуцлага хүлээх үү?

-Ийм асуудалд ул суурьтай хандахгүй бол хүн хэлмэгдлүүлж, хохироох гээд байдаг. Хариуцлага тооцох асуудлыг  сүүлийн хоёр, гурав хоногт л надруу чиглүүллээ. Би хариуцлага тооцох нь тооцно. Гэхдээ яг ном журмаар нь асуудалд хандана. Энэ асуудал хариуцлага алдсан эсэх дүгнэлтийг хууль хяналтынхан дүгнэлт гаргасан тохиолдолд тийм хүн хариуцлага алдсан гэдгийг нь тогтоож, хариуцлага тооцно гэж бодож байна. Хэн хариуцлага хүлээх ёстой гэдэг нь тогтоогдоно. Харин намайг хариуцлага тооц гэж байгаа зүйл бол захиалгатай зүйл. Намайг ажлаа өг гэж байгаа бол шал өөр зорилготой, өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж "дугуй эргэчих" гээд байгаа учраас тэрнээс өрсөж, далимдуулж байгаа зүйлүүд бий.