УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн, 95.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын даргаар сонголоо (2019.02.01). Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдсоны дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монголын төр төвшин, түмэн олон амгалан байхын ерөөл дэвшүүлье” хэмээн УИХ-ын даргын тамгыг гардуулж өгсөн юм.
Түүнийг УИХ-ын даргаар сонгох асуудлыг өчигдөр /2019.01.31/ МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжсэн ба Төрийн байгуулалтын байнгын хорооноос мөн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр ийн хэлэлцэв.
Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Г.Занданшатараас сонирхсон асуултдаа гишүүд хариулт авсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын шинэ дарга парламентын эв нэгдлийг хангах нь чухал болохыг сануулаад, “Эв нэгдлийг хангах чиглэлээр юу хийхээр төлөвлөсөн бэ” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Төрийн түшээд бид нийгмийн эрэлт хэрэгцээ, ард түмний дуу хоолойг илэрхийлэгч байх ёстой. Тиймээс өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга ёсыг хүсэмжилсэн эрэлхийлэлд тулгуурласан эв нэгдэл парламентад байх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт ард түмний эрх ашгийг тавьж, хоёрдугаарт улс төрийн эрх ашгийг тавьж ажиллана. Энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бид нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Тиймээс парламентын хамгийн гол ажил Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын даргын асуудлаас үүдэн чуулган 40 хоног гацсан. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс чуулганы хугацааг сунгах санал гаргасан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?” хэмээн асуухад УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатар “УИХ-ын Тамгын газар, намын бүлгүүдийн саналыг харгалзан чуулганыг 14 хоног сунгах эсвэл ээлжит бус чуулган зарлах учиртай. Ер нь цаг үеийн тулгамдсан олон асуудлыг цэгцлэх учиртай. Тиймээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч болзошгүй гэж үзэж байна” хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Г.Занданшатарт нэг сайн чанар бий. 1970-аад онд төрсөн. Шинэ цагийн улстөрч гэдэг утгаар нь би дэмжинэ. Гэхдээ гурван сул тал бий. Уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой дэндүү ойр доо. Сонгогдсоныхоо дараа МАНАН бүлэглэлтэй нийлээд явчихвал Монгол чинь хохирно шүү. Би өөртэй чинь нөхрийн хувьд их ойрхон байдаг хүн. Сая Г.Занданшатар жагсагчдын аюулгүй байдлыг хангахад их тус болсонд талархаж байна. Иргэд олон нийт биднээс эрс өөрчлөлтийг хүсч байгаа. Бүх баялагаа хулгайд алдчихсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайд алдчихсан. Би таныг Монголын түүхэнд сайн УИХ-ын дарга болох байх гэж итгэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Төрийн ордны хажууд байгаа банк ашиглаж байгаа. Өчигдөр би Ерөнхий сайдтай уулзсан. Г.Занданшатарыгаа дэмжээд өгөөрэй гэж гуйж байна билээ. Би таныг зоригтой ажиллахыг шаардана. Томилогдсоныхоо маргааш авлигын хонгил бий болгосон нөхдүүдийг үтэр түргэн солихыг шаардана” хэмээн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "УИХ-ын дарга Ерөнхийлөгчид дөрлүүлж болохгүй" гэх утгатай зүйл хэллээ. Тэрбээр “Та УИХ-ын дарга болж, Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болно. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч болчимгүй мэдэгдэл хийх боллоо. Цол дагаж бяр гэдэг. Гэтэл Ерөнхийлөгч маань хууль ямар хамаатай юм гэж ярьж байна. Та ийм хүнтэй хамтарч ажиллана. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрогт өрсөлдсөн. Ор үндэслэлгүйгээр хүн гүтгэх юм. Ингэж болчимгүй гүжир гүтгэлэг хийдэг хүнтэй Та ажиллах боллоо. Та хатуу байр суурьтай байхгүй бол дөрлүүлээд явчих вий. Та Ерөнхийлөгчтэй нэг нутгийнх. Хоорондоо хуйвалдаж болохгүй. Баянхонгорчууд төрийн эрх мэдлийг барьж байхад улс орон уруудсан гэдэг үгийг монголчууд сонсохыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр ҮАБЗ-ийн гишүүний хувьд эрх мэдлийнхээ эрэмбийг зөв ойлгож, хэн нэгний нөлөөнд автахгүй ажиллах учиртай шүү” гэж захилаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт “Манай Баянхонгорынхны хувьд түүхэн мөчлөг тохиож байна. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь Баянхонгорынх болж байна. Г.Занданшатар гишүүнд УИХ-ын даргын албыг хаших туршлага байгаа. Занданшатар гишүүний аав Гомбожав гуай 1950, 1960, 1970-аад онуудад сум нэгдлийн даргаар ажиллаж байсан юм. Гомбожав гуай одоо хүртэл ахмадуудын дунд үлгэр домог шиг дурсагдаж байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүн байв. Тиймээс эх орон ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг тогтоох тангарагтаа үнэнч байж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Жавхлан “УИХ-ын дарга хөтлөгч шиг зоригтой эрэмбэтэй байгаарай гэж хүсч байна. Та Монголын хүн боллоо. Монгол Улсад 650 гаруй багц хууль байна. Цааш нь задарвал хэдэн чингэлэг болно. Энэ хуулиудыг хүмүүсийн амьдралыг хохироодоггүй болгон, цэгцэлж ажиллаарай” хэмээсэн юм.
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна