С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дахин баривчилж болзошгүй

Moderator
2019/01/24

АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг 2019.01.08-ны өдрийн үүрээр цагдан хорьсон. Улмаар прокурорын хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм. Энэ үеэр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үедээ Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавт 4 сая ам.доллараас их хэмжээний авлигыг өгсөн гэдгээ тодотгосон билээ.

Уг авлигын мөнгийг Д.Дорлигжавын төрсөн дүүгийн хамаарал бүхий ААН-ээр дамжуулан шилжүүлэх явцад Голомт банк харилцагчийнхаа данснаас дур мэдэн таталт хийсэн, нэвтрэн орсон гэдгийг онцолсон юм. Үүнээс 14 хоногийн дараа АТГ-аас Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг цагдан хорисонбилээ. Д.Баясгалан Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын асуудалд хамааруулан, хойшлуулашгүй ажиллагаа явуулах шаардлага үүссэн гэдгээ АТГ-аас мэдээлсэн юм.

“Голомт”-ын Д.Баясгаланг саатуулсан өдөр АТГ-аас “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг мөн саатуулсан нь анхаарал татаж буй. Гэхдээ Ч.Даваанямыг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт хамааруулан саатуулаагүй. Ерөнхий сайд асан С.Баярын асуудлаар саатуулан шалгах шаардлага үүссэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Ч.Давааням нь оффшор бүс дэх 4.3 сая ам.доллараа буцаан татсан, Ерөнхий сайд асан С.Баярт хамаарагддаг үл хөдлөхүүдийн асуудалд нэр нь холбогддог нэгэн билээ.

Хамгийн гол АТГ-ын саатуулах ажиллагаа энэ хүрээд зогсохгүй. Цаашид Оюутолгой тэргүүтэй олны анхаарал татдаг томоохон хэргүүдэд хамаарах асуудлаар хэд хэдэн хүнийг цагдан хорино гэх мэдээлэл бий. АТГ-аас өнгөрсөн онд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьсон ч гадуур мөрдөн байцаалтаа явуулахаар болж, батлан даалтад гаргасан билээ. Одоогоор тэдэнд хилийн хориг тавиад байгаа юм.