Сар шинийн баяраар 6 хоног амарах уу...

Moderator
2019/01/24

2019 онд бүх нийтээр 14 хоног амарна. Үүний 10 хоног нь ажлын өдөр таарч байна. Удахгүй сар шинийн баяр болно. Уламжлалт сар шинийн баяраа энэ удаа монголчууд хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдөр буюу тус долоо хоногийн мягмараас пүрэв гариг хүртэл гурван хоног амрах юм.

Уг гурван хоног нь ажлын өдөр таарч байгаа. Ингээд баасан гаригт бүх нийтийн ажил эхэлнэ. Хэдий ажлын өдөр ч сар шинийн баяр хуучираагүй, ганцхан өдрийн ажлын өдөр учраас хүмүүс тэр бүр ажилдаа идэвхтэй ирэхгүй болов уу.

Тиймээс сар шинийн баярын долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг ирэх долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 2-ны өдөрт шилжүүлэх үү гэх хүлээлт олон нийтийн дунд байна. Хэрвээ ингэвэл ирэх долоо хоногийн бямба гаригт ажиллаад сар шинийн баярын долоо хоногийн баасан гаригт амарна гэсэн үг юм. Ингэснээр амралтын өдөртэйгээ нийлээд зургаан өдөр амарна.

Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газраас гаргана. Ирэх долоо хоногийн лхагва гаригийн ээлжит хуралдаанаар уг шийдвэрийг гаргах уу гэх хүлээлт олон нийтийн дунд байгаа юм.

Ийм шийдвэр гаргах эсэхийг Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Уг асуудлыг ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Ирэх мягмар гаригт тодорхой болно” гэлээ.