МАШИНАА БАЙРШУУЛАН ЗОГСОЖ БАЙСАН ИРГЭНИЙГ
БҮЛЭГЛЭН ЗОДСОН ГЭВ-
Энэ сарын 4-ны өдрийн мягмар гаригт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зориулалтын зогсоолд машинаа байршуулан зогсож байсан жолоочийн машиныг мөргөж, улмаар бүлэглэн зодож хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Бүсийн оношилгооны төвийн дарга, Шуудан холбооны дарга, Нэгдүгээр арван жилийн сургуулийн захирал, аймгийн Байгаль орчны газрын дарга нар бүлэглэн тухайн иргэнийг зодсон байж болзошгүй гэв. Хэрэг гардаг өдөр хохирогч машинаа зогсоолд байршуулаад байхад нь аймгийн Төрийн албаны газрын дарга нар машиныг нь мөргөж гэмтэл учруулсан аж. Харин тухайн иргэн машинаасаа гарч, “Та нар машин мөргөчихлөө яаж байгаа нь энэ вэ?” хэмээн шаардлага тавихад нь “Чамайг тэгвэл гүйцээгээд ална” гэх зэргээр хэл амаар доромжилж, бүлэглэн танхайрч, зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.
Энэ хэргийг талаар хохирогчийн ах болох нэгэн иргэн “Өвөрхангай аймгийн нэгдсэн групп” нэртэй фэйсбүүк хуудаснаа пост оруулсан байна. Тэрээр, “За Өвөрхангайнхан минь манай аймагт хүнийг бөөнөөрөө нийлж, танхайрч зоддог. Шаардлага тавихаар “Алчихъя” хэмээн сагсалздаг атмануудтай болсон байна. Манай дүүгийн зогсож байсан машиныг ирж мөргөж, сэвтүүлчхээд “Яаж байгаа юм бэ?” гэхээр нь “Алаад хаяна” хэмээн зодож, цустай нь хольжээ. Аймгийн Бүсийн оношилгооны төвийн дарга, Шуудан холбооны дарга, Нэгдүгээр арван жилийн сургуулийн захирал, Аймгийн байгаль орчны газрын дарга нар байсан. Надад ойрын бичлэг байгаа. Олон нийтийн газар танхайрч, бүлэглэн нэг хүнийг зодсон хүмүүсийг цагдаа нар ямар арга хэмжээ авч, яаж ажиллахыг нь харж байя. Танхайрсан дарга нарыг согтолтын хэмжээ өндөр гарсан” хэмээн бичжээ.
-ХОХИРОГЧ ТОХИРОЛЦСОН УЧРААС ГОМДОЛГҮЙ ГЭЭД ӨРГӨДЛӨӨ АВЧЭЭ-
Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас болсон явдлын талаар мэдээлэл авахаар холбогдсон боловч “Удирдах албаны хүмүүстэй холбоотой хэрэг учраас тодорхой нууцлалд хамаарна” гэсэн хариулт өгсөн юм.
Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус аймгийн төрийн албаны газрын дарга нар хэрэг гардаг өдөр архидан согтуурсан байсан. Тухайн үед автомашины зогсоолд машинаа тавиад, буухаар хаалгаа онгойлгохдоо хажуугийн машиныг зурсан юм. Харин машинаа зуруулсан жолооч бууж ирж маргалдахад нэг дарга нь мөргөөд хамрыг нь гэмтээчихсэн. Гэхдээ цустай нь хольж, бүлэглэн зодсон хэрэг гараагүй, хохирогчийг хэл амаар доромжилсон хэрэг л болсон. Тэд муудалцаад хамт цагдаагийн байгууллагад ирж, хохирогч өргөдөл гаргасан нь үнэн. Харин маргааш өдөр нь хохирогч тохиролцсон учраас гомдолгүй хэмээн өргөдлөө авсан гэв.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ