УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэх улс төрийн шийдвэрт хүрч, намынхаа дарга С.Эрдэнэд тогтоол хүргүүлсэн ба улмаар АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын УИХ-д нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлаж, сахилгын шийтгэл оноосон бол УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрээ АН "ЖДҮ-гээс зээл авч завшсан Засгийн газрын гишүүдийг УИХ-д оруулахаас удаа дараа татгалзсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг дэмжсэн шийдвэр гаргасантай нь холбоотой" гэж тайлбарласан юм.
Тэгвэл намаасаа банга хүртэж, Их хуралд нэр дэвших эрхээ хасуулаад буй Л.Болд гишүүн дөнгөж сая "Ардчилсан намын бүлгээс гарна" гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр, АН-аас энэ Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Тийм саналд би гарын үсэг зураагүй. АН-ын дүрмээр бол өөрийнхөө Засгийн газрын эсрэг санал өгөхийг хориглодог. Хэрвээ Ж.Батзандан, Д.Мурат бид гурав Засгийн газрыг унагахаар санал өгсөн бол харин ч буруудах байсан. Би АН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдэж байна. Би өнөөдөр АН-ын бүлгийг тарааж байна. Цаашид АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнд гар бие оролцоно. Харин Ардчилсан намаас гарахгүй. Энэ миний байгуулсан нам. Сонгуульд өрсөлдөх хүртэл намын гишүүн байдаг. Өрсөлдөөд сонгогдсон бол УИХ-ын гишүүн. Төрийн хүн болдог. Ардчилал бол цөөнхийн хүндэлдэг нийгэм шүү" гэв.
Харин өнөөдөр АН-аас хөөгдөх шийдвэр сонссон УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монголын баялгийг хамсан 30 гэр бүл ялах уу, 3 сая хүн ялах уу гэдэг тэмцэн өнгөрсөн долоо хоногт боллоо. Шударга бусын хонгилыг бий болгосон бүлэглэлийн эсрэг АН-ын гурван гишүүн саналаа өгсөн. Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ би баяртай байгаа шүү" гэсэн юм.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ