Засгийн газар огцруулаагүй авч үлдсэн ч МАН-ын хэрүүл дуусаагүй байна

Moderator
2018/12/01

МАН-ын Удирдах зөвлөлөөр намын дарга нь М.Энхболдыг УИХ-ын даргаас, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас, С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах саналыг гурван долоо хоногийн өмнө оруулж хэлэлцүүлсэн. Үүнээс хойш МАН дотооддоо тасралтгүй муудалцаж, сүүлийн хоёр долоо хоногийн турш Засгийн газрыг огцруулах асуудлыг тойрон хэмлэлдэв. Энэ хугацаанд Д.Хаянхярваа  гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцорч, хотын дарга албан ажлаа өгөх өргөдлөө Ерөнхий сайдад гаргалаа.

Мөнхүү УИХ-ын дарга М.Энхболд өргөдлөө өгөх асуудал ч хөшигний ард яригджээ. Гэвч тойрон хүрээлэгчид нь Засгийн газрыг огцруулах асууддлыг хэлэлцэн шийдсний дараа өгөх ёстой гэж зөвлөсөн байна. Ингэж гурван долоо хоногийн өмнө эхлүүлсэн У.Хүрэлсүхийн намаа “шинэчлэх” алхмууд эхнээсээ биеллээ олж байна. Тэр “Цаашдаа ч би зоригтой олон шийдлүүдийг гаргаж ажиллана. Намайг мохно гэж битгий санаарай” гэх утгатай үгийг сүүлийн өдрүүдэд хэд хэдэн удаа хэлээд амжсан.

Засгийн газрыг огцруулах асуудал парламентын түвшинд хоёр долоо хоногийн турш дуншиж, эцэст нь У.Хүрэлсүхийн талынхан 40 кноп цуглуулж, ялалт байгууллаа. У.Хүрэлсүхийн талд МАН-ын бүлгийн 36 гишүүн дээр бие даагч гишүүн С.Жавхлан, УИХ дахь АН-ын бүлгийн Ж.Батзандан, Г.Солтан, Л.Болд нарын гишүүд нэмэгдэв. Бие даагч С.Жавлхан гишүүн “Би гуравдугаар ээлжийнхнийг хооллохгүй” гэж мэдэгдсэн бол Л.Болд гишүүн “Манай нам бол Ардчилсан нам. Гишүүд нь сонголт хийх эрхтэй” гэж үйлдлээ зөвтгөөд байгаа юм.

Үүнээс өмнө АН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь 9 гишүүнээ  “Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кноп дар” гэсэн чиглэл өгсөн. Гэвч гурван гишүүн нь өөр сонголт хийж, АН-ын дарга С.Эрдэнийн “Хариуцлага тооцно” гэсэн үг хэрхэн биеллээ олох нь хүлээлт үүсгэж хоцорлоо. Мөнхүү МАН-ын 36 гишүүн дээр нэмэгдсэн дөрвөн гишүүнд  эрх баригч намын удирдлага юу амлав. Хөшигний ард санхүүгийн тодорхой тохироо хийгдэв үү гэсэн хардлага үүсч байгаа юм.

Ямартай ч нэг талд Засгийн газрыг огцруулах, нөгөө талд Д.Хаянхярваа, М.Энхболд, С.Батболд нарыг огцруулах асуудал зэрэг шахам сөхөгдөж, зэрэг намжлаа. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа өгөх өргөдлөө ирэх өдрүүдэд гаргах уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй асуудал билээ. Тэрээр “Би хууль, хяналтын байгууллагад нөлөөлдөг хүн биш. Та бүхэн өөрсдийгөө л хичээж, ажлаа хийцгээ” гэсэн утга бүхий үгийг өчигдөр чуулганы танхимаас хэлэв. Улмаар С.Чинзориг сайд “М.Энхболд даргатай таараагүй хэдэн өдөр болсон. Өнөөдөр ойроос хартал эрүүл мэндийн хувьд асар их доройтсон байна. Энэ хэрүүлээ зогсооцгооё” гэж уриалсан нь ч ихээхэн учиртай мэт.

Тэрээр сүүлийн өдрүүдэд сэтгэл санааны байдал тогтворгүй. Эрүүл мэнд нь ч сайнгүй байгаа гэх мэдээллийг намынхан нь өгч байгаа юм. Гэвч М.Энхболдыг ингэж стресстлээ гээд У.Хүрэлсүх нь өрөвдөн хайлж зогсчихгүй нь бас тодорхой. Ийм байдлаар цаашид ч МАН доторх гал унтарчихгүй байх дүр зураг харагдаж байна. Д.Хаянхярваа гишүүн “Засгийн газрыг огцруулах үндэслэлийг дахин өргөн барихгүй” гэж мэдэгдсэн. Тэд засгаараа дахин оролдохгүй ч нам доторх нөлөөгөө хэн хэндээ алдахгүй байхын төлөө бүхнийг хийхээр байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх удахгүй МАН-ын Бага хурлыг зарлана хуралдуулж, нэр бүхий хүмүүст хариуцлага тооцно гэдгээ нэлээд эрт илэрхийлсэн. Мөнхүү МАН-ын Хяналтын хороон дээр М.Энхболд, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа,  Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын зургаан гишүүнийг намаас нь хөөх тогтоол гарч,  албаждагийн даваан дээр больсон нь анхаарал татаж байна. Тогтоолоо гаргасан ч хэдий ч олон нийтэд “Тийм асуудал хэлэлцээгүй” гэж мэдээлээд, тэр даруйдаа баригдаж балрав. Энэ нь тэр өдөр хөөхгүй үлдээсэн ч дараа нэг хуралдаад, тогтоолоо албажуулчих эрсдэл байгаагаа сануулсан хэрэг байлаа.

Яг ийм байдлаар МАН тойрсон хэрүүл нэг хэсэгтээ үргэлжлэхээр байгаа юм. Парламентад 65 суудал авч, үнэмлэхүй олонхи болсон МАН өөрсдөд оногдсон алтан хугацаагаа дотроо хэмхэлдэн өнгөрүүлж байгаа нь нэг талаас харамсалтай. Нөгөө талаас идээ бээрээ шахацгааж, нэгнээ баахан хэмлэж байгаа нь ард түмэнд хэрэгтэй ч байж мэдэх юм. Ирэх өдрүүдэд У.Хүрэлсүх танхимаасаа ЖДҮ-тэй нэр холбогдсон Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг явуулах уу. МАН-ын генсекдээ улс төрийн хариуцлага тооцож чадах уу, далбаан доороо нууж өнгөрөөх үү гэдэг асуудал ч хурцаар яригдахаар байна.

Ж.МЯДАГБАДАМ