Байнгын хорооны хуралд хэн юу хэлэв!!!

Moderator
2018/11/28

УИХ-ын гишүүд байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй хэлсэн үгээ нотолж чаддаггүй. Тиймээс ч улс эх орны ашигт нийцэхгүй мэдэгдэл, мэдээлэл чуулган болон байнгын хорооны индэр дээрээс хийдэг.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монголд ирж танк бэлэглэсэн гэсэн мэдээллийг өгсөн. Энэ мэдэгдэл нь хоёр орны хамтын ажиллагаа болон олон жил хөөцөлдсөн ажил саатах, цаашилвал цуцлагдахад хүрээд байгаа талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өчигдөр мэдэгдсэн юм.

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүн ноцтой мэдээлэл дэлгэв. Мөн Ерөнхий сайд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож байсан гишүүдийг ард түмний мөнгийг хулгайлж байгаа талаар ярьсан. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд гишүүдийн хэлсэн зарим мэдээллийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил: Яагаад гаднын тусгай албат онгоцоо хөлөглөөд Буянт-Ухаа дээр гурав, дөрвөн хоног болоод албан хаагчид нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Туркийн Элчин сайд УИХ-ын гишүүдэд 2018 есдүгээр сарын 28-нд нот бичиг ирүүлсэн. Энэ бичигт “Турк улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагүйгээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нотолж байна. Туркийн Элчин сайд худлаа яриад байна уу, эсвэл бид мэдэн будлиад байна уу гэж ярилаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тантай сайхан ажилласанГэхдээ би өөрөө огцрох өргөдлөө өгсөн шүү. Би танай өрөөнд орохдоо өргөдлөө бичээд орсон.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Та нар сайхан хүмүүс биш шүү. Энэ дотор хулгайч нар сууж байгаа. Наймаачид сууж байгаа. Шударга үнэний туйл болсон юм шиг ярьж байна. Би та хэдийгээ мэднэ шүү дээ. Хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг ч мэднэ. Өөрсдөө хулгайч байж бусдыг хулгайч гэж яриад хэрэггүй. Та нар ард түмний мөнгийг шааж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ерөнхий сайд амьдрал мэдэхгүй, ажил мэдэхгүй. Та Монгол Улсыг авч явах ажилд тэнцэхгүй. Танд тийм ёс суртахуун байхгүй. Багаар ажиллах чадвар танд байхгүй. Хятадын Hier-тай яриад 100 мянган айлын янданд шүүлтүүр тавина гэсэн. Ирэх оны төсөвт  54 тэрбум төгрөг тавьж оруулж ирчихээд бүлгийн хурал дээр “Болъё болъё энэ чинь айл шатаах юм байна” гэж хэлсэн. "Н.Цэрэнбат чинь хар толгойгоороо хариуцна гэж байна шүү дээ" гэхэд "Н.Цэрэнбат тооцоо судалгаа муутай хандсан" гээд бухаад өнгөрч байсан.