У.Хүрэлсүх:Энэ ард түмнийг тайван байлгана гэж бодож байвал УИХ-ын дарга, хотын дарга ажлаа өг

Moderator
2018/11/23

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр, УИХ дахь шударга гишүүд УИХ-ын дарга М.Энхболдын  60 тэрбумыг хамгаалсных нь төлөө, ээлжит бус чуулганыг хуралдуул гэж шаардлага тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан.

Засгийн газар нийгэмд шударга ёс тогтоохыг хүсэж байгаа боловч чадахгүй байна.

60 тэрбум, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг, Стандарт банк, тэр олон бондуудын хэрэг, концестой холбоотой асуудлуудыг шалгаж чадахгүй байна.Улс орон өөрчлөлтийг шаардаж байна. Гэвч бид хийж чадахгүй байна.

 М.Энхболд бид 2 багийн найзууд. Гэхдээ би найзаа бодох уу,төрөө бодох уу, улсаа бодох уу, намаа бодох уу? Би улсаа бодохоор шийдсэн. 

Би төрөө цэвэрлэнэ,намаа цэвэрлэнэ.

Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан 27 гишүүний зургийг л харчих.Хэн хэн тэнд байна. Төрийн мөнгөөр баяжсан, гэр бүлээрээ төрийг төрлийн алба болгосон, уул уурхай, тендер бүх юмаар баяжсан хүмүүс тэнд байна.

Эдийн засаг сайжирч байна,манай Засгийн газрын ажил үр дүнд хүрч байна.

Би Монголын ардчиллыг дэмждэг хүн.Парламентын засаглалыг дэмждэг хүн.Монголын ардчиллыг парламентын засаглал аварна гэдэгт итгэдэг.

ЖДҮС-ийн зээлийг сонирхож байгаа байх. ЖДҮС-гаас зээл авсан намынхаа хүмүүст би хоёр шаардлага тавьж байгаа.

  • Нэгд, ард түмнээс уучлалт гуй,
  • хоёрт, авсан зээлээ төл гэсэн шаардлага тавьж байгаа.Тэр зээлийг буцааж төлүүлээд жинхэнэ шилэн, ил тод байдлаар очих ёстой хүмүүст нь олгоно.

Би МАН-ын даргын хувьд цаашид МАНАН бүлэглэлтэй тууштай тэмцэнэ. Би улстөржихийг хүсэхгүй байна. Улстөрийн намуудад шударга олон хүн байгаа. Тэд улс орныхоо төлөө,шударга ёсны төлөө нэгдэж нийлээсэй гэж хүсч,уриалж байна.

Ард түмэн бухимдаж,шударга ёсыг хүсч байна.Гэхдээ ард түмнээ гудамж талбайд битгий гараасай гэж хүсч байна.

Мэдэгдлийнхээ дараа Ерөнхий сайд хэвлэлийнхний сонирхсон асуултад хариуллаа.

-Та 300 офицер цуглуулаад бослогод уриалсан гэх юм. Үнэн үү?

-Цагдаа нар надтай уулзаад, гудамж талбайд гарч тэмцэхээ илэрхийлсэн. Тухайн үед би тэгж болохгүй тайван байх ёстой. Та бүхэн гудамж талбайд битгий гараарай. үймээн самуун хийж болохгүй. Та бүхэн сэтгэл амар бай. УИХ-ын даргыг огцруулахын төлөө явна. УИХ, намын бүлэгтэй ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэрнээс биш бослого тэмцэл хийх гээд байгаа юм байхгүй. Л.Энх-Амгалан хариуцлагагүй зүйл ярьж байна лээ. Ард түмэн тайван замаар явах ёстой. Энэ ард түмнийг тайван байлгана гэж бодож байвал УИХ-ын дарга, Хотын дарга ажлаа өг.

-Засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүдэд ЖДҮХС-гаас шагнал болгож мөнгө өгсөн гэдэг нь үнэн үү?

-ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн асуудлыг би огт мэдэхгүй.

-Та Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 хүнийг намаасаа хөөх үү?

-Эдгээр хүмүүсийг намаас хөөнө гэдэг зүйл байхгүй. Ер нь эдгээр хүмүүстэй хариуцлага тооц гэсэн зүйл надад хэлж байгаа.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн зүгээс ЖДҮ-тэй холбогдсон сайд нартаа хариуцлага тооц, ЖДҮ-гээс зээл авсан намын генсекээ чөлөөл гэдэг хоёр тодорхой шаардлага тавьсан. Та яагаад эдгээр шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм бэ?

-Манай намын бага хурал удахгүй хуралдана. Нөхөр Я.Содбаатар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Буруутай гэдэг нь тогтоогдвол түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шиг амархан зүйл байхгүй. Би ч өөрт нь энэ талаар тодорхой хэлсэн. Хуулийн байгууллагаас чамайг ямар нэгэн байдлаар буруутай гэсэн дүгнэлт гаргавал шууд үүрэгт ажлаас чинь чөлөөлнө шүү гэж хэлсэн.

Г.Саруул