​Ж.Энхбаяр: Прокурор санал оруулж ирвэл би бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн

Moderator
Өчигдөр 12 цаг 27 минут

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бүлгийн хурал дээрээ гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад, шалгуулахад бэлэн гэж хэлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Прокуророос ЖДҮХС-аас зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн гэсэн мэдээлэл ч гараад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Таныг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулна гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Энэ үнэн үү?

-ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, үнэнийг тодруулж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Энэ асуудлыг дэвэргэж улс төрийн ашиг хонжоо олох, нөгөө талаас Эрдэнэтийн 49 хувь, Чингис, Самуурай бондын зарцуулалт гээд маш чухал зүйлүүдээс УИХ-ыг хөндийрүүлж байна. Аль болох л бужигнуулах, ойлгомжгүй байдал үүсгэж байна. Зохион байгуулалттай гэдэг нь улам бүр анзаарагдаж байгаа. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан яаралтай шалгаж, нэг тийш болгох хэрэгтэй. Энэ асуудалд миний нэр холбогдож байгаа. Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан. Тиймээс шаардлагатай бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулаад, хариулт өгөхгүй бол үүний цаана улс төрийн өөр зорилго байна. Бидний өнгөрсөн 30 жилийн түүх, парламентын засаглалыг нураах, хүчгүйдүүлэх, ард түмэн төр хоёрыг эвдрэлцүүлэх системтэй үйл ажиллагаа явуулж байна. 

-Шаардлагатай гэвэл бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулна гэлээ. Хэрвээ прокуророос таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирвэл та татгалзана гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Тэгэх ёстой. Нөгөө талаас МАН дотор улс төрийн өөрчлөлт, шинэчлэл явагдаж эхэллээ. Үүнийг эсэргүүцэх том хүчин байгаа. Энэ хоёр жилийн өмнөөс эхэлсэн том тэмцэл гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хэсэг нөхөд олон жил бугшсан зүйлийг өөрчилье гээд явж байгаа. Аажим боловч бид урагшилж байна. Гэтэл энэ тэмцлийг оройлж байгаа хүмүүсийг холдуулах оролдлого маш хүчтэй хийж байна. Улс төрд болж байгаа үйл явдал зүгээр болдог зүйл биш. Дандаа учиртай байдаг. Энэ бол нэг, хоёр хүний саналаар л хийгдэж байгаа явуулга шүү. Би хууль, зөрчөөгүй, хулгай хийгээгүй, хууран мэхлээгүй, эрх мэдэл албан тушаалаа ашиглаагүй. Миний хувьцаа эзэмшдэг хөдөө аж ахуйн чиглэлийн компани мэргэжлийн яамныхаа зарласан хөтөлбөрт төсөл бичээд барьцаа хөрөнгөө тавиад, төсөл шалгаруулалтын гурван шалгуурыг даваад зээлээ авсан. Гэхдээ энэ улс төр болж хувирч байгаа учраас Хас банкнаас зээл аваад төлсөн. Монголынхоо ард түмнээс уучлал гуйсан.

Би өөртөө үнэхээр итгэлтэй байна. Улс төрд ороод 18 жил болж байна. Энэ хугацаанд тендер авч үзсэнгүй, улсын үйлдвэрийн газар бараа шахдаг, концесс авдаг олон зүйл бий. Би үүнд оролцдоггүй. Анх удаа миний хувьцаа эзэмшдэг компани ЖДҮХС-аас зээл авсан.

-Таныг банк бус санхүүгийн байгууллагатай. ЖДҮХС-аас зээл аваад өндөр хүүтэй иргэдэд олгосон гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?

-Аль болохоор харлуулах, буруутгах тал руу л чиглүүлээд байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны мэдээлэл хийсэн байсан. Монголбанк арилжааны банкуудад хяналт тавьдаг. Банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржүүдэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг. Эх үүсвэрүүд нь цэвэр мөнгө үү, татвар төлсөн үү гэдгийг хянаж, шалгаад цэвэр мөнгө гэдгийг нотолсны дараа банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс эндээс мөнгө аваад тийшээ хийчихдэг юм биш. Ард иргэдэд тэгж ойлгуулаад байгаа юм. Миний хувьцаа эзэмшдэг санхүүгийн компани 15 жил үйл ажиллагаа явуулж байна. Олон мянган бичил бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж ирсэн.

-Таныг хууль хяналтын байгууллагаас энэ хэрэгтэй холбоотойгоор шалгаж, мэдүүлэг авсан уу?

-Намайг шалгаагүй. Аль болох хурдан шалгаад нэг тийш болгох ёстой. Үүний цаана хууль хяналтын байгууллагынхан улс төрийн захиалгаар ажилладаг уу гэдэг том асуулт бий. Тиймээс хуулийн байгууллагууд их болгоомжтой, улс төрд оролцохгүй, хараат бус ажилладаггүй гэдгийг батлах хэрэгтэй. Энэ хэрэг дээр хууль хяналтын байгууллагынхан яагаад хурдан шуурхай ажиллаад эхлэв Гэтэл бидний сайн мэддэг том том хэргүүдийг яагаад шалгахгүй байна вэ. Нийгэмд Ж.Энхбаяр гэдэг хүн аваад л банк бусаараа дамжуулаад мөнгө хүүлдэг гэж ойлгууллаа. Гэтэл төсөл бүрийн цаана ажлын байр нэмэгдэж байгаа.