ЖДҮДС-аас зээл авсан УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэжээ

Moderator
2018/10/30

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын нэр ил болоод байгаа.

Тэгвэл уг мэдээллийг нийслэлийн Прокурорын газраас "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд нийтлэгдээд буй “…Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас  зээл авсан иргэдийн нэрсийг зарлаад байна” гэсэн  утга бүхий мэдээллүүдийг хянаад “… Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна. Дээрх хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд цаашид Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болжээ. 

Одоогоор Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум,УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая,УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая, УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 950 саяын зээл авсан гэсэн мэдээлэл ил болоод байгаа. Мөн Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК зээл авсан нь тодорхой болоод байна.

Хэрвээ хууль хяналтын байгууллага уг хэргийг шалгаад гэм буруутай нь тогтоогдвол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх хуультай юм байна.