“Бөх бол төр”. Энэхүү алдарт “афоризм”-аасаа болоод УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат нэг хэсэгтээ л онигооны баатар болсон. Агваансамдангийн хүү л хэлсэн болохоос уг нь бөх бол төр гэдэг ч нэг их гөрдсөн үг ч биш л дээ. Монголын төр хэчнээн бөхтэйг тоолсноос бараг хэчнээн хуульч байгааг нь тоолбол илүү амархан байх. Цаашлаад ч ирэх 2020 онд төрд орохоор “барилдаж” эхэлсэн бөхчүүд Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Д.Дагвадорж нараас эхлээд тоологдоно.
Төрийн ордон бөхчүүдэд очиж, Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах нь “хэвийн үзэгдэл” болсон. Одоо бүр бүлэглээд мафи маягиай, энд тэндхийн зодоон хэрүүл болгон дээр бөхчүүдийн нэр ёс юм шиг дурдагддаг болж.
Хамгийн сүүлд гэхэд л энэ сарын 19-ны шөнө Булган аймгийн уугуул, аймгийн арслан А.Отгонбаатар тэргүүтэй биерхүү, лагс бахим гучаад эрчүүд нэгэн сургуулийн зассан замыг эвдэлсэн тухай мэдээлэл өчигдрийн хувьд олон нийтийн сүлжээнд дуулиан тарилаа. Наанаа хоёр компанийн газраа булаацалдсан маргаан мэт харагдавч, цаана нь нөгөө л монгол бөхийн ёс зүй, жудаг ёсны асуудал давхар яригдаж байна.
Бөхчүүдийн талаарх энэ мэт олон таагүй мэдээлэл чих дэлсэх нь ердийн үзэгдэл болсон. Бөхийн өргөөгөө булаацалдаад бие биеэ зодож, нүдэж, муу муухайгаа дуудалцаж суугаа аварга, арслан, заануудыг харахад юун хүн чанарын дээд, ёс жудгийн бэлгэ тэмдэг вэ. Бөхийн өргөөг тойрсон талцал хуваагдал бүр цаашаа.
Наадмаа найраатай хийдэг, даваа болгоноо зардаг, сэргээш хэрэглэдэг зэрэг асуудлыг нь тоохоо болъё гэхэд монголчуудын хайрлаж ирсэн сэтгэл дээр дэвсэлж, монгол бөхийн нэрийг хулгар чихтэй хулигаанчуудын хэмжээнд аваачиж буй бөхчүүд бол тонил цаашаа.
А.Сүхбат Д.Одхүү хоёр зодолдож гэнэ. Архидаж суугаад баар сав эвдэлж гэнэ. Бөхийн өргөөг эвдэлж гэнэ. Бүр барилдаж байхдаа нудралцаж, тийрч, тохойлдож гэнэ. Товчхондоо хамгийн муу муухай аргаар өрсөлддөг, хамгийн хүн муутай, хамгийн бүдүүлэг хүмүүс өнөөдөр монгол бөх л болж. Бүр зарим нь босоо хөхчүүдтэй нийлээд энд тэндхийн хөрөнгө оруулагчдыг хөөж тууж, дарамталж, ард түмнээ шантаажилдаг гэх.
Дэвжээн дээрээ илэрхий ёс бус аашилж, нийгэмд үндэсний бөхийн нэр төрийг гутааж байгаа хулгар чихтэй хулигаануудад хариуцлага тооцдог ч газар алга. Харин ч бүр "бөх бол төр" гээд Төрийн ордон дотроос афоризм айлдаад сууж байна. Гэтэл сүмогийн ертөнцөд бөхийн нэр хүндийг дагаад ямар хариуцлага, ёс зүй ирдгийг Ама Д.Бямбадоржийн зодог тайлахад хүрсэн дуулиант уг үйл явдал бидэнд бэлээхэн жишээ болох биз.
Үндсэндээ үндэсний дархан аварга минь, арслан минь гэж толгойг нь илж, хамаг өнгөтэй өөдтэйгөө барьж гүйсээр байгаад тэд өнөөдөр бөх ч биш хүн ч биш болсон байна. Бүр хатуугаар хэлбэл, бөхчүүд өнөөдөр бүлэг мафи болжээ. Бүр тэгээд “Бөх бол төр” гэж дүгнэх хэмжээнд очсонд бөхийн хорхойтон монголчууд бүгдээрээ буруутай биш үү. Монгол бөх Монголын мафи болсон нь гутамшиг биш гэж үү.
https://news.mn/r/2020338/
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ