Шахаачид “ Эрдэнэт”-ийн 49 хувь дээр амь тавьж байна

Moderator
2018/09/26

Монгол Улсын саалийн үнээ, улстөрчдийг өнө удаан жил тэтгэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь монголчуудын мэдэлд шилжиж ирсэнд зарим хүн эгдүүцэн бухимдаж байна. Тухайлбал, УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10 ны өдөр баталсан. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, мөн компанийн ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилж байв. 

Харин өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Монголиан коппер корпорейшн” компани хувийг төрд шилжүүлэх авах тухай Засгийн газрын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргаж тэд хоёр ч шатны шүүхэд ялаад байсан юм. Тэгвэл тус компанийн ялалт үүгээр дуусаагүй гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гарагт Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэж, “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүртгэлийг тус компанид үлдээсэн нь 49 хувийг шударгаар авсаан гэдгийг нь ийнхүү гурав дахь удаагаа шүүхээс нотолсон гэсэн үг.

Ингээд дээрх шийдвэр гарсны дараахан зарим нэр бүхий улстөрчид багтрах гэж буйгаа цахим ертөнцөөр илэрхийлж байв. Мэдээж тэдний багтрах болсон шалтгаан нь ердөө л шахааны бизнес нь хумигдаж, төрд үнэтэй бараа, материал “нийлүүлэх” гэсэн төлөвлөгөө нь нурж унасантай холбоотой. Тэдний энэхүү боломж хаагдсан учраас тэд өөрсдийн үзэл бодлоо ард түмний өмчийг хувийн хэвшлийнхэн авчихлаа гэх мэт худал үгээр илэрхийлж, олон нийтийн бухимдлыг асаасан хэрэг л дээ. Угтаа бол тэвчээр нь алдарсан шахааны бизнесмен улстөрчид эх орончийн дүрд тоглож эхэллээ.

Улсын дээд шүүхийн энэхүү шийдвэр гарснаас үүдэж тэдний бизнес нь гарцгүй болсон тул аргагүй байдалд орж байгаа нь энэ. Шуудхан хэлбэл тендер нэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг орлогоос “идэж” ирсэн хүмүүс өнөөдрийн нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй байна. Тэдний олон нийтийн тархийг угааж байгаа ганц зүйл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан гэж тэднийг буруутгаж байсан юм. Тэгвэл дээрх компани ямар замаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг яаж худалдаж авсан, хаанаас ямар нөхцөлөөр хэрхэн зээл авсан, дараа нь яаж төлөхөөр гэрээ хийж байсан тухай баримтыг УИХ-ын байнгын хорооны шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээс дахин нэг баримт болгон харъя.

Дуулиан болоод буй 400 сая ам.долларын эх үүсвэр яаж бий болсон бэ?

Ажлын хэсгийн тайланд тус компани нь 49 хувийн энгийн хувьцааг авахдаа Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн данснаас 400.27 сая ам.долларыг гурван удаагийн гүйлгээгээр ОХУ-ын “Альфа” банкинд шилжүүлжээ. Мөн энэ мөнгө хаанаас, яаж “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн дансанд яаж орсныг дурдсан байна. Үүнд:

1. “Монголиан коппер”-ын 100 хувийн эзэн Ц.Пүрэвтүвшин Улаанбаатар хотын банкин дахь хувийн хадгаламжаасаа 112 тэрбум төгрөгийг тус корпорацийн дүрмийн санд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлжээ. (Ойролцоогоор 56 сая ам.доллар)

2. Мөн ирээдүйд бий болох эх үүсвэрээ барьцаалан, Худалдаа хөгжлийн банкнаас 75 сая ам.долларын зээлийг 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр авчээ.

3.Мөн Ц.Пүрэвтүвшин дангаараа эзэмшдэг “Рийвэрстон пропертис” компаниас 70 сая ам.долларын зээлийг 2016 оны зургадугаар сарын 17-нд авчээ. Энэ өдөр “Рийвэрстон” компани өөрөө Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая ам.долларын зээл авч байсан аж.

4.Түүнчлэн “Юнайтед энержи систем” (ЮЕС) компаниас 2016 оны зургадугаар сарын 14-нд 68 сая ам.долларын зээл авсан. Энэ компанийг Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. ЮЭС нь мөн энэ өдөр “Өмнөговь аймагт баригдах цахилгаан станцын төсөлд оруулах (тийм төсөл байхгүй) хөрөнгө оруулалтад зориулан 68 сая ам.долларын зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас авсан байна.

5.Бас Сингапурт бүртгэлтэй “Канетик” компаниас 2016 оны зургадугаар сарын 17-нд 68 сая ам.доллар зээлжээ. Энэ компани өмнөх өдөр нь Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээлийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалан авчээ.

Тэгэхээр дээрх тайланд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудал болоод буй 400 сая ам.доллар ямар замаар яаж гарсан хуулийн хүрээнд хэрхэн хийгдсэн дээрх 400 сая ам.доллар Улаанбаатар хотын банкнаас 56 сая нь, Худалдаа хөгжлийн банкнаас 354 сая нь зохиомол зээлийн хэлбэрээр гарсныг хуулийнхан шалгаж тогтоосон юм.

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэргүүтнүүдийн хэлээд байсан төрийн мөнгөөр худалдсан гэх асуудлыг гурван шатны шүүх ялгаж салган “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийг хууль зөрчөөгүй ээ хэмээн 49 хувийг нь хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь энэ юм. Ямартай ч үнэтэй шахааны бизнес “Эрдэнэт” үйлдвэрийн зардлыг нэмэгдүүлж, орлогыг хувааж, татварын хэмжээг бууруулж байсан нь үнэн. Тэгвэл өнөөдөр тус үйлдвэрийн засаглал сайжирч, 49 хувь нь монголчуудад, Монголын хувийн хэвшилд шударгаар ирсэн гэдгийг шүүх тогтоосон төдийгүй хаалттай байсан олон асуудлыг нээлттэй болгож байна.

49 хувь хувийн хэвшилд очсоноор шахааны бизнес хумигдаж хэмнэлт бий болж үйлдвэрт явагдаж буй бүхий л үйл ажиллагаа шилэн байх боломж бүрдэж гэсэн үг. Эцэст нь хэлэхэд 10 мянган төгрөгөөр авдаг барааг үйлдвэрт 30 мянган төгрөгөөр нийлүүлдэг байсан шахаа шүүхийн шийдвэрийн дагуу ард хоцорч нэгж бараа тутмаас 20 мянган төгрөгийн ашиг олдог байсан эх орончид ашиг хонжоогоо алдсан нь түүх болон үлдэх шив.