Багш нар өнөөдрөөс ажил хаялтаа зогсоож байна

Moderator
2018/09/17

Багш нар ажил хаялтаа даваа гарагаас буюу өнөөдрөөс зогсоож байна. Энэ сарын 14-нд БСШУСЯ, МҮЭ-ийн төлөөллүүд тохиролцож ийнхүү ажил хаялтаа зогсоох шийдвэрт хүрсэн юм. 

Энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Энэ сарын 3-наас багш нар цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт зарласан. Ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилж, улмаар МҮЭ БСШУСЯ зөвшилцөлд хүрч, ажил хаялтыг албан ёсоор зогсоож байна. Ингэснээр ирэх даваа гарагаас (өнөөдрөөс) сургууль, цэцэрлэг хэвийн ажиллана" гэлээ. 

Харин МҮЭ-ээс "МҮЭ-ийн байгууллагаас БСШУСЯ-тай хэлцэл хийлээ. Боловсрол, урлагийн ажилтнуудын цалин бусад салбараас бага байсан. Энэ цалингийн зөрүүг арилгаж, тодорхой хувиар нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрч чадсан. БСШУ-ны салбарт ажиллаж байгаа хүмүүс ажлын ачаалал өндөр. Тиймээс ачаалал өндөр байгаа хүмүүсийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачааллыг нь үнэлсэн системийг бий болгохоор талууд харилцан тохирлоо. Энэ юу гэхээр нормоос давсан хүүхдийн тоогоор нэмэгдэх хөлс олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон. Мөн 2019 онд БСШУ-ны салбарын ажилтнуудын цалинг 2019 онд багтаж тодорхой үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр харилцан тохиролцоод байна. Мөн ажил хаялтад оролцсон үеийн цалин хөлсийг нь олгохоор боллоо" гэв. 

Ийнхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Зөрүү арилгана гэхээр яг хэчнээн хувиар нэмэгдсэн гэсэн үг вэ?

-Харилцан адилгүй. 4.7 хувиар нэмэгдэж байна. Хамгийн гол нь 2014 оноос хойш багш, эмч нарын цалингийн ялгаа, зөрүү 4.3 хувь байсан гэж ажил хаялтад оролцож байгаа талууд шаардсан. Энэ зөрүүг өнөөдрийн хэлэлцээрээр арилгалаа. Ажил хаялт албан ёсоор зогсч, хэлэлцээр үргэлжилнэ. Засгийн газрын зүгээс 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулж 8 орчим хувиар нэмэгдүүлнэ гэж байсан ч өнөөдрийн хэлэлцээрээр 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх хэлэлцээр хийлээ. 25000 мянган төрийн албан хаагчийн цалингийн зөрүүг арилгалаа. 

-Хичээл завсарлалтыг хэрхэн яаж зохицуулах вэ? 

-Нийт 10 өдрийн хичээл завсардсан. 80 гаруй сургууль, 27 цэцэрлэгийн үйл ажиллагаа завсардсан. 2018-2019 оны эхний өдрүүдэд өмнөх хичээлийн жилийн хичээлийг санах хөтөлбөрүүд байсан. Тиймээс одоо холбогдох бүх байгууллагуудад заавар чиглэл өгч ажиллаж байна. 

-Ажил хаялтад оролцсон багш нарт хариуцлага тооцох уу. Ажил хаялтад оролцсон багш нарт дарамт ирсэн гэх мэдээлэл гараад байгаа?

-Дарамт үзүүлсэн зүйл огт байхгүй гэдгийг дахин мэдэгдэж байна. Ажил хаялтад оролцсон үед багш нарт ямар нэгэн байдлаар сахилгын хариуцлага тооцохгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Хуулиндаа ингэж заасан байгаа. 

-Ажил хаялт бүр зогсож байна гэж ойлгож болох уу? 

-Түр зогсож байгаа. Учир нь ажил хаялт зарлахдаа шаардлагынхаа 3-т цалинг үе шаттайгаар 50-иас доошгүй хувиар нэмэгдүүл гэж заасан байгаа. Энэ нэмэгдэл хэрхэн яаж орж ирэх, хэрхэн яаж шийдэхээс шалтгаална. Бидний тавьсан шаардлага 75 хувьтай биелсэн. 100 хувь биелэх боломжгүй байгааг ойлгож байна. Багш нар ч нөхцөл бололцоогоо ойлгосон. 2019 оны төсөв хэлэлцэгдсэний дараа дараагийн асуудлыг ярина.