Шөнийн гэрэлт гудамж төслийнхөн хангалтгүй ажиллажээ

Moderator
2018/09/02

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалын дагуу “Шөнийн гэрэлт гудамж” төслийн менежментийн багт шалгалт хийхэд хангалтгүй ажилласан нь тогтоогджээ. Шалгалтаар санхүүгийн үйл ажиллагаанд нь хэд, хэдэн зөрчил илэрсэн байна.

Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар 2017, 2018 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Юнайтед инвестмент партнерс” компани төслийн менежментийн үйл ажиллагааг хариуцсан газар нь соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөг мэргэжил арга зүйгээр хангаагүй зөрчил илэрсэн байна. Үүнээс шалтгаалан зохион байгуулалтыг сулруулсан, бүтэц алдагдсан гэж үзжээ. Мөн санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй, нягтлан бодох бүртгэлийн болон холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймээс зөрчлийг арилгах зөвлөмж хүргүүлсэн бөгөөд аравдугаар сарын эхний долоо хоногт багтаан хэрэгжилтийг тайлан ирүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер үүрэг болгожээ.