Н.Учрал гишүүн М.Билэгт гишүүнийг дэмжив үү

Moderator
2018/08/29

Сүүлийн үед УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаа ашиглан тойрогтоо ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж, тэдэндээ сугалаа зарлаж, бэлэг тарааж байгаа билээ. Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт ч бакал, данх, хичээлийн хэрэгсэл, саалийн хувин бэлэглэж, олны амны бай болоод байгаа. 

Харин саяхан УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн өрх толгойлсон зарим эцэг эхчүүдийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл тараажээ. Иймэрхүү бэлэг тараадаг үзэгдлээ тэрбээр "Энэ бол байх ёстой л үзэгдэл, гэхдээ өнөөдрийн түвшинд. Ард түмний амьдрал бэрхшээлтэй, хүнд хүчир байгаа учир миний хувьд шаардлагатай үед мөн баяруудаар тойргийнхоо иргэдэд  тусламж  үзүүлдэг. Үүнийг болъё гэсэн ч иргэд өөрсдөө хүлээдэг.

Амьжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдийнх нь хичээлийн хэрэгслийг бэлдээд өгөхөд маш их дэм болдог. Зургаан сарын 1-нд хүүхдүүдэд бэлэг тарааж, урлагийн багахан тоглолт өгөхөд хүүхдүүд маш их баярладаг.  Надаас тусламж хүссэн  өргөдлүүд  ч иргэдээс ирдэг. Өвчин зовлонд шаналсан нэгнээс тусламж хүссэн тохиолдолд цалингаасаа  50 мянган төгрөг өгөх бол миний хийдэг л ажил. Би үүнээсээ санаа зовдог ч үгүй. Энэ бол миний хийх ёстой ажлын нэг нь. Өвөл би нүүрс тараана. Тойргийнхоо иргэдийг  даарч суухыг хараад надад хамаагүй, би хууль санаачлагч хүн гэж хэлээд суухад өнөөдрийн нийгэмд  болохгүй байна" хэмээн "Ньюс агентлаг"-т өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэгэхээр Н.Учрал гишүүн бэлэг сэлт тараасан М.Билэгт гишүүнээ ч давхар өмөөрөөд авчих шиг боллоо.