Засгийн газар хуралдаж, ой найман сартай хүүг хүчирхийлсэн этгээдэд ял оноосон долоо хоног

Moderator
2018/08/04

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. “Нарийн сухайтын төмөр зам” компанитай хамтарсан төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулж, тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болов. Боомтын зориулалттай 13 км төмөр замын суурь бүтцийг ажлыг гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний экспортын зах зээл өргөжин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор хүнд даацын автомашинаар 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар жилд 25 сая тонн тээвэрлэх боломж бүрдэх юм.

Сэтгүүлчид халдсан асуудлаар Ийгл ньюс телевиз Цагдаагийн байгууллагад хандлаа

Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу долдугаар сарын 27-ны өдөр үл таних хүмүүст барьцаалагдаад байсан  Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсэл Акчайг үдшийн 01.40 минутын үед эрүүгийн цагдаагийн газраас гарч ирэхэд тодруулга авах гэсэн  Eagle телевизийн сэтгүүлч А.Батцэцэгийг нэгэн залуу шанаадаж байгаа бичлэг сошиалаар тархаад байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн нь Вейсел Акчайн хувийн бие хамгаалагч аж.

Тэгвэл сэтгүүлчид халдсан асуудлаар Ийгл ньюс телевиз Цагдаагийн байгууллагад хандаад байна. Сэтгүүлч үйл явцыг газар дээрээс нь шуурхай хүргэж, албан үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан цагдаагийн алба хаагчийн талаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн Ерөнхий газрын Ёсзүйн хороонд гомдол гарган, сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Баян-Өлгий аймагт  учирсан хохирлыг арилгахад шаардлагатай хөрөнгийг гаргав

Баян-Өлгий аймагт долоодугаар сар гарсаар дөрвөн удаа усархаг аадар бороо орсны улмаас Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгч шийдвэр гаргасан юм.

Энэ дагуу Баян-Өлгий аймагт 80 гэр, ус тээвэрлэгч, бохирын болон түргэн тусламжийн автомашин, дугуйт ачигч зэрэг техникийг Улсын нөөцөөс гаргасан бол Дэлхийн зөн-Монгол, МУЗН, Адра, Каритас олон улсын хүмүүнлэгийн байгууллага 115 мянган ам.долларын үнэ бүхий тусламж үзүүлжээ.

Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг болоод байна. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцээд шаардагдах 540 гаруй сая төгрөгийн 468 саяыг Засгийн газрын нөөц сангаас, үлдэх хэсгийг аймаг, сумын нөөц сангаас гаргах нь зүйтэйгэж үзэв. Мөн Өлгий сумын үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлаа шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болгов.

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга ажлын өрөөндөө хутгалуулав

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшингийн ажлын өрөөнд үл таних этгээд дайран орж, биед нь халдсан хэрэг өнгөрсөн мягмар гарагт гарсан. Түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг,  “Шизопрени” өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан 64 настай И гэгч хутгалсан болсон нь тогтоогдсон.

Хэрэг гарсан өдөр Б.Амартүвшинг хутгалуулсан тухай дуудлагыг тус дүүргийн тамгын газрын ажилчид цагдаагийн байгууллагад өгч,  яаралтай тусламжийнхан эмнэлэг рүү авч явсан байдаг. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа юм.

Ой найман сартай хүүг хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноов

Өнгөрсөн гурвадугаар сард Дорноговь аймгийн Замын-үүд суманд ой 8 сартай бяцхан хүүг хүчирхийлсэн аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан.

Тус хэргийг үйлдсэн гэх Ц-д холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ. Яллагдагч Ц-д Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд  шилжүүлсэн байна. 

Үүний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

“Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталлаа

Энэ бодлогын зорилгыг “Эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ” гэж тодорхойлоод байна.

Энэ хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацид чиглэсэн ажлыг дэмжиж, аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэн, дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологи хөгжүүлэх юм.

Найман жилийн хугацаатай бодлогын эхний шат буюу 2018-2021 онд эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөц төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хоёр дахь шатанд /2022-2025 онд/ эдийн засаг, аж үйлдвэр, мэдээлэл технологийн тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихаар төлөвлөжээ.

Шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын  байгууллагын зээл, хандив, тусламжаас гаргах юм.