Ц.Нямдорж сайдын 360 саяын үнэтэй “LX-570”-ыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ

Moderator
2018/07/18

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 0101 УНҮ улсын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монголд оруулж ирсэн “Лексус 570” маркийн автомашин хөлөглөх болсон нь “гэрэл цохиж” олон нийт тэр дундаа нийгмийн сүлжээгээр шүүмжлэл дагуулж байсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын үйл явдал. Эдийн засгийн хямралаас үүдэж иргэдийн төдийгүй улсын орлого нь сайнгүй үед Хуулийн сайд нь 360 саяын үнэтэй машин унах хэмжээний эрх ямба эдэлж эхэлсэн нь тийм ч таатай санагдаагүй нь тэр. Нэгэн цагт Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг “Лексус 570” автомашин албан хэрэгцээндээ ашигласных нь төлөө авлига авсан хэмээн Г.Уянга гишүүний хамтаар мэдэгдэл хийж, буруутгаж явсан тэрээр ийм хэмжээний хангамж эдэлсэн нь олон нийтэд таалагдаагүй нь мэдээж.

Уг асуудал үүсэхийн зэрэгцээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би Ц.Нямдорж сайдыг жипээ зараад, төсөвт мөнгийг нь оруулаарай гэж хэлсэн. Энэ асуудал шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Өөрөө энэ асуудлаа шийдвэрлэнэ гэж итгэж байна" хэмээн Ардын Засгийн 100 хоногийн үеэр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр тодотгож байв. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Ц.Нямдорж сайд өөрөө авъя гэж аваагүй юм билээ. Хөдөө орон нутагт байнга томилолтоор явдаг учраас туулах чадвар өндөртэй машин гэж хуваарилсан юм билээ" гэж байлаа.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өнгөрсөн жилээс олон хурц асуудалд дуугарч байгаа болохоор аюулгүй байдлаа хангах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг тусгай албадаас надад хэлж байгаа. Манай яамныхан ч хэлж байгаа. Яаж тэрийг чинь хангах вэ гэхээр “гайгүй сайн унаатай байх ёстой, хамгаалалттай байх ёстой” гэсэн. Хамгаалалтыг нь зөвшөөрөхгүй. "Нямдоржийг дуусга" гэж их өндөр албанд ажиллаж байсан хүний бичсэн мессэжийг 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд өгснийг АН болон МАН-ын бүлгийн гишүүд биеэр орж ирээд надад хэлсэн шүү. Тэд "Та аюулгүй байдалдаа анхаарахгүй бол болохоо байлаа" гэж байсан шүү. Манай яамныхан одоо яриад байгаа машиныг миний аюулгүй байдлыг л бодолцож авсан. Ерөнхий сайдын хэлсэн “машинаа зар” гэснийг хийнэ ээ, хийнэ” хэмээх тайлбарыг өгч байв.

Улмаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос ШШГЕГ-т албан бичиг хүргүүлснээр Ц.Нямдорж сайд ямар шалтгаанаар, яагаад 360 сая төгрөгийн үнэтэй автомашин авч өгсөн асуудлын учиг олон нийтэд ил болсон байдаг. Генерал Ц.Амгаланбаярын гарын үсэг бүхий Б.Пүрэвдорж гишүүнд хүргүүлсэн албан бичигт дурдсанаар “ШШГЕГ нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл болон туслах үйл ажиллагааны орлого, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллаас /2017 оны долдугаар сарын 1-нийг хүртэл төвлөрүүлэхээр тусгасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулиар 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжихээр тусгагдсан/ зарим урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлж байна. Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулиар тус ерөнхий газрын өөрийн үйл ажиллагааны орлого 4801.8 сая төгрөг байхаар баталсан ч гүйцэтгэлээр 7617.2 сая төгрөг төвлөрүүлсэн. Тиймээс  Сангийн сайдын тушаалаар, орлогоос давсан дүнгээс 2447.2 сая төгрөгийн зарцуулах эрх өгсний дагуу  авто машин худалдан авах саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн. Тус газрын даргын тогтоолоор машин худалдан авах зөвшөөрлийг олгосон. Зайлшгүй авах шаардлагатай хөрөнгө оруулалт тусгагдаагүй тул төсвөөс давсан орлогоор салбарын сайдад автомашин авсан. Дээрх шийдвэрийн дагуу худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсан" гэсэн байдаг. 

Мөн Сангийн сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 372 дугаар тушаалаар ШШГЕГ-ын өөрийн үйл ажиллагааны орлогоос давсан дүнгээс 2447.2 сая төгрөгийг зарцуулах эрх өгсний дагуу автомашин худалдан авах саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, тус газрын даргын 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны 634 дүгээр тогтоолоор худалдан авах зөвшөөрлийг олгосон. Уг шийдвэрийн дагуу худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан ШШГЕГ-ын Төрийн сан дахь нэмэлт орлогоын 100900012411 тоот харилцах данснаас автомашины мөнгийг шилжүүлсэн болно” хэмээх тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын хүсэлтэд үндэслэж Сангийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нар зөвшөөрөл олгосноор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид 360 сая төгрөгийн үнэтэй автомашин авч өгсөн нь энэ.

Гэвч энэ оны хоёрдугаар сарын 1-нд Б.Пүрэвдорж гишүүнд хүргүүлсэн генерал Ц.Амгаланбаяр хариу тайлбараас өөрөөр Ц.Нямдорж сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүх нарын яриа ажил хэрэг болохгүйгээр өнөөдрийг хүрээд байсан юм. Тэгвэл 360 сая төгрөгийн үнэтэй автомашин албан хэрэгцээндээ хэрэглэсэн “хэрэг”-т буруутгагдсан Ц.Нямдорж сайдын албаны унааг дуудлага худалдаанд оруулж зарахаар болжээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсад оруулж ирсэн “LX-570” маркийн автомашиныг 360 сая төгрөгөөс эхлэн худалдах нээлттэй дуудлага худалдааны зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлжээ. Нэг үгээр олон нийтийн сүлжээгээр хэл амны бай болсон сайд Ц.Нямдоржийн албан хэрэгцээний машиныг ийнхүү дуудлага худалдаагаар оруулж зарах аман яриа ийнхүү ажил хэрэг болж байгаа бололтой.

Дээрх бичлэгт дурдсанчлан ШШГЕГ-ын ажилтан утсаар “LX-570” машиныг “Лотус голд майнинг” компани оруулж ирснийг, мөн дээрх машин superier загварынх мөн гэдгийг баталж байна. Энэ оны эхэнд яг энэ машиныг ШШГЕГ-ынхан салбарын сайддаа хэмнэсэн мөнгөөрөө машин авч өгсөн нь "Өнөөдөр" сонинд нийтлэгдсэн өнөөдрийн дуудлага худалдааны зарлалтай яг таарч байна. Бид ШШГЕГ-ын ажилтантай холбогдохдоо хэвлэлээс ярьж байгаагаа хэлээгүй тул гэм хоргүй ярьсан дээрх ажилтныг эрхэм дарга нар нь өршөөнө биз.  

Нэмж дурдахад энэхүү гэрээг 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны лхагва гарагт байгуулсан байдаг. Гэрээний дүн нь 360 сая төгрөг бөгөөд нэг талаас ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга, хурандаа Я.Ган-Эрдэнэ, нөгөө талаас “Лотус голд майнинг” компанийн захирал Д.Гарамдагва нар гарын үсэг зурж баталжсныг доорх баримтаас харж болно. “LX-570” superier маркийн энэхүү жийпийг 2018 оны хоёрдугаар сарын 20-ны дотор нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч хугацаанаас нь өмнө сайдын уналгад өгсөн байдаг.