АНУ-д суралцдаг Монгол залуу ор сураггүй алга болоод 16 хонож байна

Moderator
2018/07/18

Сүүлийн үед манай залуус гадагшаа сургуульд явж суралцах хандлага нь нэлээд нэмэгджээ. Тэр дундаа Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн орнуудаас гадна АНУ-д суралцах хүсэлтэй залуус бие дааж хэл сурч, онлайнаар шалгалт өгч ямар нэгэн сургуульд тэнцэж, тэтгэлэг авах болсон байна. Гэхдээ үр хүүхдээ гадны орон луу сургахаа явуулахдаа эцэг эхчүүд маш их анхаарал, болгоомжтой байхыг сануулсаар байдаг билээ.

Тун саяхан АНУ-ын  Сиатл хотын "Edmond Community" коллеж-д 2017 оноос хойш суралцаж байгаа "Б" гэх 23 настай залуу Сиатл дахь гэрээсээ энэ сарын 2-нд гараад одоо болтол олдоогүй байна. Тэрээр хичээлээсээ гадуур нэг ажил хийдэг байсан ба бусад үед компьютерийн тоглоом тоглодог, найз нөхөд байхгүй аж. 
Түүнд АНУ-д ямар ч хамаатан садан байхгүй бөгөөд хүүг хайж байгаа иргэд тус хотынх нь цагдаа, Монгол Улсын элчин, консулын газар мэдэгдсэн ба цагдаагийн газраас "алга болсон хүмүүс"-ийн жагсаалтанд оруулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй гэдгээ хэлсэн байна.

Хүүг олохын тулд өдрийн 500 ам.доллараар  хувийн мөрдөгч хөлсөлж хайхаар болжээ.

Энэхүү зардлыг АНУ-д амьдран суудаг элэг нэгт Монголчууд эхнээсээ хандивлаж эхэлсэн байна. Лос Анжелес хотноо амьдардаг Г.Дэлгэрмаа гэх эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан энэхүү хэрэгтэй холбогдуулан нэгэн сэрэмжлүүлэг нийтэлжээ. Тэрээр "АНУ-д оюутан хүн ажил хийх хуулиараа хориотой байдаг юм. Нийгмийн ажил бол өөр журамтай. Гэтэл хувийн зардлаа олохын тулд ажил хийж буй хүүхдүүд их өрөвдөлтэй байх юм. Тэдний нэг нь алга болсон бөгөөд түүнийг ард түмний хандиваар өндөр үнэтэй (өдрийн 500$) хувийн мөрдөгч хөлслөн хайлгах гэж байна. Хандив хүлээн авагч хамаатны эгч нь залуугийн алга болсон хотод байхгүй, ар гэрийнхэн нь ч байхгүй. Харин энэ бүх ажилд сэтгэл зүрхээрээ нэгдэн тусалж хандив өгч буй хүмүүс бол Монгол хүний цайлган сэтгэлийг харуулж буй хүмүүс.

Эцэг эхчүүд цаашид зардал мөнгийг нь бүрэн дааж, сургаж чадахгүй бол биеэ даан амьдрах чадваргүй хүүхдээ харь оронд битгий хаяж байгаач ээ. Харь оронд өөрөө өөрийгөө болгож яваа залуус байвал та бүхэн эцэг эх бусад хүмүүстэйгээ байнгын харилцаатай байж муу зуршил, элдэв донд авталгүй зөв зүйтэй амьдраарай. Эцэг эх элгэн түмнээ шар махтай нь хатааж зовоохгүй байх бүх л чадварт сураарай дүү нар минь. Энэ залуугийн сургалтын визатай ирээд ажиллаж байгаад алга болсон талаарх мэдээ албаныханд хүрсэн учир бусад оюутнууд болгоомжтой байхыг хүсье. Нэгнээсээ болж нийтээрээ хохирч боломгүй л байна" хэмээсэн байна.