Өчигдөр барилгын ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Moderator
2018/07/03

Өчигдөр барилгын ослын улмаас хоёр хүн амиа алдсан байна. Он гарсаар эхний зургаан сарын байдлаар барилгын осол зургаан удаа гарч зургаан хүн осолд өртөөд байсан юм. Иймээс барилгын ажил үргэлжилж байхад аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах, ажилчид нь өөрсдийнхөө аюулгүй байдлын хангадаг байх шаардлагатай байгааг хууль хяналтын байгууллагаас сануулж байна.

Өглөө ажилдаа гарсан 40 настай залуу ажлаа хийж байхдаа зургаан давхраас унаж амиа алдсан. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаачийн толгойд арматур зоогдсон, эмнэлэгт хүргэгдэх замдаа зүрх нь зогсжээ. Энэ хэрэг Хан-Уул дүүргийн 3-р хороонд гарсан байна.  

Өчигдөр барилгын ослын улмаас хоёр хүн амиа алджээ

ЦЕГ-ын хмт-ийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Долоодугаар сарын 1-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн унаж гэмтлээ гэсэн дуудлага, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст бүртгэгдсэн. Үүний дагуу хэргийн газрын үзлэг хийхэд тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын зургаан давхраас эрэгтэй 40 настай У унаж бэртэж, гэмтлийн эмнэлэг хүргэгдэх замдаа амь нас нь хохирсон хэрэг бүртгэгдсэн байгаа”

Мөн Чингэлтэй дүүрэгт барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан байна. Иймээс аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах шаардлагатай байгаа юм. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас сануулан шаардсаар байгаа ч энэ төрлийн хэргүүд гарсаар байна.

Өчигдөр барилгын ослын улмаас хоёр хүн амиа алджээ

НМХГ-ын хэлтсийн дарга И.Баттөгс “Мэргэжлийн хяналтын байгууллагаас он гарсаар барилгын салбарт гэлтгүй бүх салбар руу хөдөлмөр аюулгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх мэдэгдэл зөвлөмж, аргачлалыг хүргүүлж ажилласан. Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн ослууд цагдаагийн байгууллагууд дээр шалгагдаж байгаа учраас бид урьдчилсан байдлаар дүгнэлт хийхэд  хөдөлмөр, аюулгүй байдлын ажил олгогчийн алдаанууд байна. Хувь хүн бүр хөдөлмөр, аюулгүй байдлыг хангахтай холбоотой өөрийгөө болон бусдыг ямар нэгэн гэмтэл бэртэл учруулахгүй байх үүрэгтэй байдаг. Тиймээс тал талын хангалтгүй байгаа байдал эндээс харагдаж байна.

Өчигдөр өргөх механизм дээр гарч байгаад унасан осол бүртгэгдсэн. Энэ хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Тухайн байгууллага дээр хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах мэдэгдэл, зөвлөмжийг удаа дараа хүргүүлсэн байсан”

2017 онд 13 удаагийн барилгын осолд 19 хүн өртжээ. Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийг авч үзвэл 15 хувь нь удирдлагын тогтолцооноос, 30 хувь нь ажлын байрны нөхцөлөөс, 20 хувь нь техник,технологийн эвдрэл гэмтлээс, 35 хувь нь хувь хүний хүчин зүйлээс хамаарсан гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байна.

Бүтээн байгуулалтын улирал ид дундаа явж байна. Энэ мэт хайнга байдлаас үүдэн хүний амь нас эрсдэж байгаа асуудалд аж ахуй нэгжүүд хариуцлагатай хандах шаардлагатайг санууллаа.

ЭХ СУРВАЛЖ EAGLE.MN