Д.Сугар сугарч оронд нь Ш.Солонго гэнэ үү


   Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх гурав гурваар нь санал болгон УИХ-аар хэлэлцүүлэн зургаан жилийн хугацаатайгаар томилуулдаг. Өнгөрсөн онд Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэднийг Ерөнхийлөгч 2011 онд санал болгон томилуулж байв. Тиймээс тэдний оронд хэнийг томилохоо Ерөнхийлөгч шийдвэрлэх ёстой. Өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар парламентад өргөн барьсан боловч Байнгын хороо дэмжээгүй. Тиймээс Ерөнхийлөгч саналаа эргүүлэн татсан юм. Түүнээс хойш Цэцийн гишүүнд хэн нэгний нэр дэвшүүлээгүй. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүдийн оронд хэнийг томилохоо шийдээгүй явсаар байтал дараагийн хүмүүсийнх нь бүрэн эрхийн хугацаа дууслаа. Тодруулбал, өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дуусав. Т.Лхагвааг 2012 онд Ерөнхийлөгч, Д.Сугарыг УИХ санал болгон тус тус томилуулж байв. Дээрх дөрвөн гишүүний дотор эрүүгийн хэрэгт олон жил холбогдож яваа Д.Сугар бий бөгөөд тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Цэцийн гишүүнээр буцаж томилогдох хууль эрх зүйн үндэслэл бий ч би болохгүй. Та нараас залхаж байна” гэсэн тайлбар хийсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын дарга М.Энхболд Д.Сугарын оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээр дээрх асуудлыг хэлэлцүүлэх мэдээлэл байна.